Нар, салхины эрчим хүчний эзлэх хувь түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. 2023 оны аравдугаар сарын 5 /Anadolu/. Энэ оны эхний хагаст дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2022 оны мөн үетэй харьцуулахад 0.4 хувиар өссөнийг Лондонд төвтэй эрчим хүчний судалгааны Ember төвөөс танилцуулсан тоо баримт харууллаа.
78 орны үзүүлэлтүүдийг харьцуулан гаргасан уг тоо сүүлийн 10 жилийн дунджаас /2,6 хувь/ нэлээд доогуур байгааг тус төвөөс лхагва гарагт танилцуулсан тайланд онцолжээ. Дэлхий даяар цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт буурсан нь юуны түрүүнд зарим томоохон эдийн засгууд, ялангуяа Европын Холбооны (ЕХ) орнуудад эрэлт буурсантай холбоотой.
Үүний зэрэгцээ энэ оны 1-6 дугаар сарын хугацаанд салхи, нарны эрчим хүчний нийт үйлдвэрлэлд эзлэх хувь 14.3 хувьд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт бөгөөд 2022 оны мөн үед 12.8 хувьтай байжээ.
Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд салхин цахилгаан станцын эзлэх хувь 8.75 хувь байсан бол нарны эрчим хүчнийх 5.52 хувь болж өссөн байна.
Үүний зэрэгцээ энэ оны эхний хагас жилийн байдлаар цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувь 36 хувь байсан бол усан цахилгаан станцынх ган гачгийн улмаас түүхэн доод түвшин буюу 8.5 хувь болж буурсан байна.