Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-05 18:27:08

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүний томилгоотой холбоотой асуудлыг яаралтай горимоор хэлэлцлээ.


Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэлцэж буй асуудалтай холбоотой танилцуулгыг хийв. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох саналтай байгаагаа хэллээ. Ингэхдээ Засгийн газраас дэвшүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрх зүйн багц шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхэд төрийн албанд 23 жил ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн Байнгын хороог удирдсан мэргэжлийн болон улс төрийн туршлагыг нь үндэслэл болгосон. Мөн УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд анх удаа Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж, гурван шатны нээлттэй сонсголыг зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж чадсан улс төрчийн эр зориг, тууштай байдлыг нь харгалзан үзсэн гэлээ.


УИХ-ын гишүүд Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулж хэлсэн үгэндээ нийгэмд үүсээд буй авлига, хээл хахууль, тэгш бус байдлыг арилгахад онцгой анхаарч ажиллахыг захисан юм. Энэ үеэр Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан 3 жил, гурван сарын хугацаанд тус яам нийт 60 хуулийн төсөл дээр ажиллаж, 27 хуулийг УИХ-аар батлуулсан. Одоо 13 хууль УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн шатанд явж байна гэв. 


Танилцуулга хэлэлцүүлгийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томиллоо. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн Б.Энхбаяр тангараг өргөсөн юм.


Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хууль зүй, дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяр

Ажилласан байдал:

1998-2004 онд        “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш

2000-2001 онд         УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах

2001-2002 онд         УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд хуулийн референт, зөвлөх

2002-2006 онд         Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга

2006-2007 онд         ХЗДХЯ-нд Төрийн захиргаа удирдлагын газар

2009 онд                      УИХ-ын даргын Ажлын албанд хуулийн зөвлөх

2009-2011 онд         Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга

2011-2014 онд         Монгол Ардын Намын даргын зөвлөх

2012-2014 онд         УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх

2014-2016 онд         УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх

2016-2018 онд         ХЗДХ-ийн дэд сайд

2020 оноос               Монгол Улсын Их Хурлын гишүүн

2023 оноос               Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.

Холбоотой мэдээ