Мазаалай баавгайг хамгаалах Үндэсний хөтөлбөрийг эцэслэн батална
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Манай улсад нэн ховордсон, Монгол Улсын “Улаан ном”-д бүртгэсэн мазаалай баавгайн тархац, үржлийг хамгаалах зорилгоор Монгол, Хятадын судлаачид хамтарсан судалгааг хийж байна.
Судалгааны хүрээнд 902 мянга гаруй мэдээлэл цуглуулж, 361 гаруй фото зураг болон бичлэг хийж, бодгаль бүрийг харьцуулан ялгах боломжтой 216 гаруй зургийг боловсруулжээ. Ингэснээр мазаалайн тоо толгой, суурьшил, тархац, нутгийг тогтоон, 42 уст цэг байгуулан ажиллаж байгааг БОАЖЯ-наас мэдээллээ.
БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга
Ц.Уранчимэг:
-Мазаалай баавгайг Манай улсад 1967 оноос хойш судалж эхэлсэн. Тэр үед 20-35 орчим тоо толгой байсан бол 2000 оны үед цөөрч 20, 2022 онд хийсэн сүүлийн тооллогоор 50 болсон. Тархац нутаг 1960-аад оныхоос 5 дахин хумигдан багассан. Ялангуяа, 1990-ээд оноос хойш илт хумигдсан. Үүнийг уул уурхайн үйл ажиллагаатай холбон тайлбарладаг. Мазаалай баавгай нь Алтайн өвөр говийн Цагаан богд, Баруун тооройн нуруу, хойш Зараа, Буурын хар уулын хооронд буюу тархац нутгийнхаа тэн хагасаас бага нутаг Сэгс Цагаан Богд, Шар хулсны нуруу, Төмөртэйн хөх нуруу, Атас Ингэс хавиар нутагшиж байна. Шар хулс, Цагаан тохой, Цагаан бургас, Өлзий билгэх, Хөшөөт зэрэг булаг шандын ойролцоох хад бартаат намхан уулсаар гүйдэлтэй. Зүүнээ Тост уул, баруунаа Майхан булаг, Хар хайрхан, хойшоо Эдрэнгийн нуруу хүртэл тохиолдлоор үзэгддэг гэсэн юм.
Мазаалай нь Дэлхийн
байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны олон улсын үнэлгээгээр устаж байгаа ангилалд ордог. Зэрлэг амьтан,
ургамлын аймгийн ховордсон зүйлийн олон
улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-ын I хавсралтад оржээ.
- 1953 онд хуулиар
агнахыг хориглосон,
- 1975 онд Говийн их дархан цаазат газрыг байгуулан
хамгаалалтанд авсан,
- 1987, 1997, 2013 онуудад
Монгол Улсын
улаан номд бүртгэсэн,
- 1991 онд Зэрлэг
амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах
тухай конвенц (CITES) 1 дүгээр хавсралтанд бүртгэгдсэн,
- 2005 онд “Говийн
баавгай төсөл”
хэрэгжиж эхэлсэн,
- 2012 онд Амьтны
тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэн ховор амьтны жагсаалтад оруулсан,
- 2018-2021 онуудад БНХАУ-ын Буцалтгүй тусламжаар хэрэгжиж
буй “Монгол Улсын Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн
туслалцаа үзүүлэх төсөл”-ийг
хэрэгжүүлж байна.
2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мазаалай хамгаалах үндэсний зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан. Одоо манай улсад:
- Мазаалай баавгайг хамгаалах Үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах,
- Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан болгох,
- Жил бүрийн 2 дугаар сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн
өдөр болгох,
- Олон улсын
баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол Улсад зохион байгуулахаар ажиллаж байна.