Төсөвт байгууллагын өрнөөс шалтгаалан нүүрс татаж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-20 11:38:48

Ховд  аймгийн төвийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Жаргалант сумын Засаг дарга Д.Баасандорж нар дулааны “Бадамлах дөл” ХХК-ний болон 2-р дулааны станцын үйл ажиллагаатай танилцав. 

“Бадамлах дөл” ХХК-ийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 70 орчим хувьтай явж байна. Энэ өвөл гурван зуухаар халаалт өгөх бөгөөд болзошгүй үед ажиллах дөрөв дэх зуухыг бэлэн болгожээ.

Тус компани Тарвагатайгаас нүүрсээ татдаг ч төсөвт байгууллагуудын өр авлага их байгаагаас одоохондоо нүүрсээ нөөцлөж чадаагүй байна. Өвлийн турш 28000 тонн нүүрс хэрэглэдэг уг компани аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс төсөвт байгууллагуудын өр авлагыг барагдуулах тал дээр анхаарахгүй бол нүүрс таталт оройтох хандлагатай байгааг сануулж байсан юм.

Харин 2-р дулааны станцын үйл ажиллагаатай танилцахад өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувьтай явж байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил удааширч байгааг мөн л төсөвт байгууллагуудын өр авлагатай холбон тайлбарлаж байсан юм.

Түүнчлэн дулааны алдагдал дулааны станцын үйл ажиллагаанд ихээхэн сөргөөр нөлөөлж байгааг хэлж байлаа. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил тус станц нийт 83 мянган ккал дулаан үйлдвэрлэснээс 45 мянган ккал нь холбогдох хэрэглэгчиддээ очиж, үлдсэн нь айл өрх, албан байгууллагуудын ус тавьж орхих, ус алдах зэрэг хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан алдагдсан аж. Энэ мэтчилэн хүчин зүйлс дээр цаашид анхаарч ажиллахаа ерөнхий инженер Д.Дарамбазар хэлж байлаа.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ