Израилд болох бүх тоглолтыг УЕФА хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-10-10 14:36:12

НЬОН, 2023 оны аравдугаар сарын 10 /Fordes/. Европын хөл бөмбөгийн холбоо (УЕФА) ойрын хоёр долоо хоногт Израилд хийхээр товлосон бүх тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. 


Израилд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ийм шийдвэр гаргаснаа тус холбоо цахим хуудсандаа мэдэгдсэн бөгөөд тоглолтуудын шинэчилсэн товыг дараа нь батлах аж. 


Тодруулбал, 10 дугаар сарын 12-нд болох ёстой байсан "Евро-2024" тэмцээний урьдчилсан шатны Израил-Швейцарын тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Мөн 21 хүртэлх насны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд (10 дугаар сарын 10-нд Израил-Эстони, 10 дугаар 17-нд Израил-Герман), 17 хүртэлх насны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны 12-р хэсгийн тоглолтуудыг хойшлуулжээ. Энэ хэсгийн Израил, Бельги, Гибралтар, Уэльсийн багуудын тоглолт 10 дугаар сарын 11-17-ны хооронд болох ёстой байв.


УЕФА мөн 2024 оны Европын АШТ-ий урьдчилсан шатанд таарсан Косово-Израилын тоглолтыг явуулах эсэхийг шийдэхэд хэдэн өдрийн хугацаа хэрэгтэй гэдгийг мэдэгдсэн байна. Уг тоглолт Косовод 10 дугаар сарын 15-нд болох ёстой. 


"Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шинэ хуваарь болон удахгүй болох бусад тоглолтын хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргахаасаа өмнө бүх багтай холбоотой ажиллах болно" гэж УЕФА-гийн мэдэгдэлд дурджээ.





Холбоотой мэдээ