Зах зээлийн судалгааны байгууллагуудын чуулган “Хүн аливаа бүхний эхлэл” уриан дор үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн бүс нь дэлхийн нийт эдийн засгийн 45 хувийг, сүүлийн 10 жилд гэхэд өсөлтийн 65 хувийг дангаар бүрдүүлдэг. Дэлхийн хүн амын 60 хувь ч энэ бүс нутагт амьдарч, шинээр бүртгүүлж буй 10 патент тутмын талыг нь бүртгүүлж байна. Энэ утгаараа нийгэм, эдийн засаг, улс төр, бүхий л зүйлийн төв болсон энэ бүс нутгийн маркетингийнхан Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө чуулж байна.
Ази, Номхон далайн орнуудын Зэх зээлийн судалгааны
байгууллагуудын “APRC-2023” 15 дугаар чуулган өнөөдөр “Хүн аливаа
бүхний эхлэл” уриан дор үргэлжилж байна. Энэ үеэр “MMCG” компанийн Судалгаа,
хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн ярихдаа, “Хүн бүрийн санаа бодлыг сонсож,
нэгдмэл зөвшилцөл бий болгох, судалгаанд суурилсан шийдвэр гаргах соёл, хандлагыг
бий болгоход судлаачдын үүрэг чухлыг өнөөдрийн нийгэм харуулж байна. Хиймэл
оюун ухаан, алгоримт зэрэг орчин үеийн технологийн дэвшил судлаачдад асар их
боломж олгож байна. Олон улс энэ чиглэлд амжилт, мэдлэг, туршлага, сургамж бий
болголоо. Бид үүнээс суралцаж ашиглах, улмаар дэлхий, бүс нутгийн мэргэжлийн мэдлэг
оюунд хувь нэмрээ оруулах шарадлагатай. Судалгаа, хөгжүүлэлт, хиймэд оюун
ухаан, техник технологийн хэрэглээ, түүнд тулгуурласан шийдвэрүүд хүний сайн
сайхны төлөө байх ёстойг ухамсарлах хэрэгтэй”-г тэмдэглэлээ.
Монголчууд түүхийнхээ турш эв нэгдэл, дэлхийн амар амгаланг эрхэм
зорилгоо болгож ирсэн. Дэлхий амар амгалан, энх тайван байхын төлөө хамтдаа
хичээж, манлайлахыг “MMCG” компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ бүх салбарт
уриалаад, Монголын топ 50 компаниас авсан судалгааны урьдчилсан дүнг танилцуулсан
юм. Судалгаагаар, олон байгууллага 2024 онд эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр
төсөөлжээ. Нүүрс, алт зэрэг гол түүхий эдийн экспортын хэмжээ нэмэгдэж, үнэ
боломжийн байгаа тул ханшийн тэнцвэрт нөлөөлж, өсөлт хадгалагдана гэж хариулсан
байна. Сангийн яам энэ өсөлтийг 7 хувьтай байна гэсэн бол “MMCG” 5 хувийн
өсөлттэй гэжээ. Ирэх онд улс төрийн сонгууль болох учир мөнгийг бүтээмжгүй чиглэлд
зарцуулснаар эдийн засагт сөрөг нөлөөлж магадгүй, үүнтэй холбоотой төр засгийн
шийдвэр ч удаашрах магадлалтай аж.
Түүнчлэн, Топ 50 компанийн 55 хувь нь 2024 онд ажиллах хүчний
хэрэгцээ нэмэгдэнэ гэсэн бол 65 хувь нь ажиллах хүчний хомсдолтой нүүр тулсэн
гэж хариулсан байна. Зах зээл, хэрэглэгчийгээ ойлгох, асуудлыг нь тодорхойлох
тухайд 50 компанийн тал нь бүрэн судалдаггүй, 64 хувь нь бүтээгдэхүүнээ туршихгүйгээр
шууд лангуу дээр тавьдаг, 75 хувь нь бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаад, ямар үр
дүнд хүрснээ хэмждэггүй, 85 хувь нь бизнес моделыг өөрчлөх шаардлагатай гэсэн бол
91 хувь нь хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулна гэж хариулжээ.
Д.Бум-Эрдэнэ энэ талаар ярихдаа, “Бүтээгдэхүүний судалгаанд
зардал гаргахгүй байгаа нь харамсалтай ч удахгүй өөрчлөгдөнө гэж найдаж байна. Бизнес
моделын чадвар сул байгаа тул олон улсаас суралцаж, өөрчлөх шаардлагатай. Ямар зорилгоор
технолги ашиглах, зах зээлээ мэдрэх нь чухал байна. Технологи чухал гэсэн
ойлголтоор судалгаагүй хандаж болохгүй. Компаниуд уул уурхай, IT-гаас гадна хүнсний
үйлдвэрлэлийн салбар өгөөжтэй гэж үзэн, банкууд ч энэ салбарт илүү хөрөнгө
оруулах болсон нь сайшаалтай. Өсөлтийн стратеги нь инновац гэж байгаа ч
судалгаа хангалтгүй, хүн биш захирал төвтэй байна. Хүний нөөцөө хадгалах,
хамгаалах нь чухал болж. Хүн бол машин биш. Цалин чухал ч хүн таатай уур
амьсгалтай, соёлтой, өөртэй нь хүн шиг харьцдаг, зөв соёлтой газарт дуртай. Өнөөдөр
соёл, хандлагыг нэгд тавихаас өөр аргагүй. Байгууллагын соёлоо өөрчлөхгүй бол
хүн үлдэхгүй. Компанийн дотоод шийдвэрээ байгууллагын ажилчдын судалгаа,
ойлголцолд гаргаж чадвал хүндээ таатай компани байж чадна” гэлээ.
Чуулганы үеэр зан төлөвийн эдийн засаг ба маркетинг, нийгмийн
эрүүл мэнд, тогтвортой байдал, шударга ёс зэрэг асуудалд маркетингийн үзүүлэх
нөлөө, маркетингаар дамжуулан нийгмийн асуудлыг шийдсэн бизнесийн амжилттай жишээ, маркетингийн
стратеги боловсруулах, хэрэгжүүлэх шилдэг туршлага, нийгмийн асуудлыг шийдэхэд
маркетингийг ашиглахтай холбоотой ёс зүйн асуудал, сорилтууд сэдвээр
илтгэл хэлэлцүүллээ. Мөн Азийн топ экспертүүдийн илтгэл, дата аналитик суурьтай, хүн төвтэй бизнес процессын шилжилт,
дижитал худалдан авалт, маркетинг судалгаанд хиймэл оюун ухаан ашиглаж буй
шилдэг туршлагуудаас суралцаж байгаа юм.
Тухайлбал, ESOMAR- Дэлхийн судалгааны нийгэмлэгийн Ерөнхийлөгч Рэй Поунтр (Ray Poynter) бизнесийн шийдвэр гаргахад дата аналитикийн үүрэг улам өсөж буй дижитал шилжилтийн үед, маркетингийн судалгаанд хиймэл оюун ухаан ашиглах боломжуудын талаар сүүлийн үеийн тренд болон хиймэл оюун ухааны хөгжлийг ашиглан хэрэглэгчийг ойлгох туршлагуудыг хуваалцав.
Тэрбээр, "2023 онд хиймэл оюун ухаанд хувь хүний шинж чанарыг ашиглаж, хэдэн мянган хиймэл хүнийг бүтээсэн. Таван жилийн дараа гэхэд синтетик тоон мэдээлэл 20 хувьд хүрнэ гэж үзэж байна. Цаашид ч энэ технологи улам хөгжиж, хэрэглэгчдийнхээ тоог нэмнэ. Тиймээс одоо гарч буй алдаанд тулгуурлан, эрх зүйн орчныг нь сайн бүрдүүлснээр ашиглах бүрэн боломжтой"-г хэлж байлаа.
Түүнчлэн, онлайн сувгууд, тоглогч, инфлюнсерүүдийг ашиглан маркетинг, коммуникацийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлсэн бодит баримтуудыг сонирхуулж, хиймэл оюун ухаан, маркетингийн судалгааг нэгтгэснээр зах зээлээ илүү ойлгож бизнесийн зорилгодоо хүрсэн сайн туршлагаас хуваалцаж байна. Тухайлбал, Хятад улс автомашины экспортоороо энэ онд анх удаа Японыг давсан тогтвортой өсөлтийн гол стратеги нь хэрэглэгчийн туршлагыг тэргүүнд тавих явдал гэдгийг БНХАУ-ын Автомашины технологи судалгааны төвийн ахлах эксперт Юунг Жин илтгэлдээ дурдаж болно. Мөн “Чи ганцаараа биш, бүү нуурдаарай” өсвөр насны охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг компанит ажлын стратегийг амжилттай хэрэгжүүлэхэд зорилтот бүлэгтэй хамтран ажиллаж, тэднийг гүнзгий ойлгох нь ямар ач холбогдолтойг танилцуулав. Энэ компанит ажил нь давхардсан тоогоор 23 сая хүнд хүрчээ. Цар тахлын дараа Солонгосчуудын цахим платформд зарцуулах цаг, онлайн худалдан авалтын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахим орчинд брэндийн гүйцэтгэлийг удирдах чадавхаа нэмэх шаардлага үүсжээ. Иймд компаниудын цахим худалдан авалтын замналыг ойлгох, брэндээ онлайн орчинд удирдах, хэр хүчтэй байгааг оношилж, дүн шинжилгээ хийхэд хайлт, худалдан авалтын мэдээллийг нэгтгэж ажилладаг “Цахим брэндийн хүчний индекс” загварыг ч танилцуулж байлаа.