СЭЛЭНГЭ: Ч.Ундрам: Чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүдийг бэлтгэх зорилготой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2023 оны
аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд анх удаа зохион
байгуулж буй “Super science Selenge-2023” шинжлэх ухааны бүтээлийн уралдааныг санаачлагч,
УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.
-Сэлэнгэ аймгийн хэмжээнд анх удаа “Super science Selenge-2023” шинжлэх ухааны бүтээлийн уралдааныг өөрийн санаачилгаар зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Энэхүү уралдааныг яагаад зохион байгуулах болсон талаар сэтгэлээ хуваалцана уу?
-Баярлалаа. Бид энэ үйл ажиллагааг анх удаа зохион байгуулж байна. Ажлын маань гол зорилго юу вэ гэхээр ЕБС-д сурч байгаа ахлах ангийн хүүхдүүдийг багаас нь шинжлэх ухаанд дуртай, шинжлэх ухаан болон инженер технологийн мэдлэгийг өөрийнхөө амьдрал дээр гарч ирж байгаа асуудлыг шийдвэрлэхэд ашиглах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй ийм хүүхдүүдийг бэлтгэхийн тулд энэ уралдааныг зохион байгуулж байна.
Мөн
цаашлаад энэ уралдаанд оролцсон хүүхдүүд шинжлэх ухаан гэдэг чинь бидний амьдралд
ойрхон юм байна. Амьдралынхаа асуудалд хэрэглэж болдог юм байна гэдгийг ойлгох.
Мөн энэ чиглэлийн мэргэжлийг сонгох магадлал нь нэмэгдээд, ирээдүйн инженер,
технологич, байгалийн шинжлэх ухааны суурьтай мэргэжилтнүүдийг бэлдэх үндэс суурь нь болно
гэж бодож байна.
-Таны хувьд аймгийн бүх сургуульд физик, хими, биологийн кабинетууд байгуулахад их дэмжлэг үзүүлж ажилласан шүү дээ. Уралдааныг зохион байгуулахад энэхүү кабинетууд маш их үр дүнгээ өгсөн болов уу гэж бодож байна?
-Энэ тэмцээнийг зохион байгуулахын тулд бид нэлээд үе шаттай ажлыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ЗДТГ, аймгийн БШУГ болон ЕБС-ийн захирал, багш нартайгаа хамтраад авч хэрэгжүүлэн ажилласан.
Жишээ
нь бүх сургуулийг биологи, хими, физикийн лаборатори, хөдөлмөрийн кабинеттай
болгосон. Ингэж байж энэ бүтээлийг хийх боломж, орчин нөхцөл нь бүрдэж байгаа
юм. Иймээс олон жилийн үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд энэ
тэмцээнээ зохион байгуулах боломжтой болсондоо миний хувьд маш их баяртай
байна.
-Та
хүүхдүүдийн хийж ирсэн бүтээлүүдтэй танилцаж явахдаа ямар мэдрэмжийг авав. Сэтгэгдэл
ямар байна?
-Маш
хөөрхөн байна. Жишээлбэл мал угаах төхөөрөмж хийсэн харагдаж байлаа. Малаа угаасан
усаа шүүгээд цэвэршүүлээд дахин ашиглах боломжтойгоор хийсэн байна. Энэ бол
аргагүй л Сэлэнгэ аймаг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан руу чиглэсэн
асуудлуудыг шийдэх гэж эрэлхийлсэн бүтээлүүд эхнээсээ харагдаж байна.
Үнэхээр Сэлэнгэд ийм авьяастай, чадалтай хүүхдүүд байдаг юм байна гэдгийг хараад
бахархаж байлаа.
-Цаашид
энэ уралдааныг уламжлал болгон явуулах уу. Өргөжүүлэх үү?
-Одоо
бид энэ уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулна. Манай аймгийн хүүхдүүд аймагтаа уралдаад үзчихлээ. Энэ бол Сэлэнгэ аймгийн давуу тал. Энд оролцсон хүүхдүүд
дараагийн улсын тэмцээнд оролцохдоо илүү туршлагатайгаар оролцох боломж бүрдэж
байгаа юм.
Цаашид
жил бүр зохион байгуулаад явах бодолтой байна. Ингээд явах юм бол хүүхдүүд ирээдүйд
маш чадварлаг боловсон хүчин болж Монгол орныхоо, цаашлаад дэлхийн асуудлыг шийддэг
болно гэж харж байгаа.
Бидний
зүгээс хамгийн гол нь хүүхдүүд уралдаанд оролцоод ялахаасаа илүүтэйгээр нэг
нэгэнтэйгээ танилцах, уулзах, бүтээлч сэтгэлгээтэй болох. Мөн бусад хүүхдээс
өөр санаа авах, инженер технологийн сэтгэлгээтэй хүүхдүүдэд урам зориг өгөхийг
зорьсон.
-Хүүхдүүдийн
дунд шинжлэх ухааны бүтээлийн уралдааныг явуулахын зэрэгцээ багш нарынхаа ур чадвар
заах аргыг бас уралдуулаад авлаа. Энэ талаараа?
-Багш
нарын тэмцээнийг бас давхар зохион байгуулж байна. Энэ нь сургуулиудад олгосон байгалийн
ухааны лабораторийн хэрэглээг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг илүү
сайжруулахын тулд юм.
Ялангуяа багш нарын хувьд илүү заах арга зүй тал руугаа чиглэсэн
уралдаан боллоо.
-Танд баярлалаа.