АРХАНГАЙ: Намрын мод тарилтаар Цагдаагийн газрынхан 1250 ширхэг мод тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-17 15:37:06

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Архангай аймагт энэ сарын 13-15-ны өдөр мод тарилаа.


Аймгийн хэмжээнд мод тарьсан дүн мэдээ ирэх долоо хоногоос эцэслэж гарна хэмээн холбогдох мэргэжилтэн хэллээ.


Аймгийн төв Эрдэнэбулган сумын хэмжээнд бүх нийтийн мод тарих өдрийг сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 11-ний А/178 захирамжийг дагуу 10 дугаар сарын 14-ний бямба гарагт зохион байгууллаа.


Мод тарих өдрүүдэд аймгийн Цагдаагийн газрын хамт олон байгууллагынхаа хуваарьт газартаа /Архангай 100 ногоон төгөлд/ 170 хайлаас тарьснаас гадна Булган ууланд 324 хайлаас, 50 улиас, 16 албан хаагчийнхаа хашаанд чацаргана 90, гүйлс 15, хайлаас 101, Цэргийн ангитай хамтран 240 улиас, 260 хайлаасыг тус тус тарьсан нь хамгийн олон мод тарьж, идэвхтэй оролцсон байгууллага боллоо.


Нийт 147 аж ахуйн нэгж албан байгууллагаас 111 байгууллага Булган уул, "Архангай-100" ногоон төгөл, Төгсөгчдийн цэцэрлэгт хүрээлэн болон Цөлжилттэй тэмцэх сааданд мод тарилаа.


Өөрөөр хэлбэл, Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд Архангай 100 Ногоон төгөлд нөхөн тарилтаар 567 ширхэг улиас, 788 ширхэг хайлаасыг тарилаа. Төгсөгчдийн цэцэрлэгт хүрээлэн”-д 70 ширхэг хайлаас, Цөлжилттэй тэмцэх ногоон байгууламж”-д 2072 ширхэг мод бут тарьсан байна.


Эл өдөр нийт 3158 хүн 3842 мод тарьжээ.


Бүх нийтийн мод тарих өдөрт Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хот тохижилт үйлчилгээний газар, Эрдэнэбулган сумын 1-7 дугаар багийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ