Вьетнам Улстай агаарын харилцааны хэлэлцээрийг тохиролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид энэ сарын 17-нд Бангладешийн нийслэл Дакка хотноо уулзалт хийж, хоёр улс хоорондын Агаарын харилцаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэн тохиролцлоо.
Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хооронд 2000
онд байгуулсан хэлэлцээрийн
хавсралт “Маршрутын хуваарь”-ийг
өөрчлөлт оруулж, томилогдсон агаарын тээвэрлэгчид хоёр улсын хооронд
дурын цэгүүд рүү, аливаа
нислэгийн давтамж, багтаамжийн хязгаарлалтгүй нислэг үйлдэхээр тохиров. Санамж бичгийг байгуулснаар
Монгол иргэдийн хамгийн ихээр зорчдог Нха Транг, Дананг, Ханой зэрэг хот руу
шууд нислэгтэй болох боломж бүрдэж байгаа аж.