Монголын бизнесийнхэн Францын талд аялал жуулчлал, эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-10-18 10:50:27

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан айлчлалын үеэр Монгол-Францын бизнес форумд оролцсон Монгол Улсын төлөөлөгчид Францын хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, технологийн чиглэлийн үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна.


Монголын талаас хөдөө аж ахуй, барилга, мэдээллийн технологи, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарын 70 гаруй аж ахуй нэгжийн 100 орчим төлөөлөл оролцсон танилцуулах уулзалтыг Францын Аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний Франц-Монголын бизнес зөвлөл зохион байгуулжээ.


Энэ үеэр ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар Франц улс болон Европын холбооны улсуудад байгаа Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй "Өглөөний уулзалт" хийн Франц улс болон Европын холбоотой цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, гадаад худалдааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцсон байна.


Уулзалтад оролцогч нар Франц улсын эдийн засгийн олон салбар, тэр дундаа хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, стандартыг Монголын бизнес эрхлэгчид суралцах сайн жишиг гэж үздгээ илэрхийлж, дээрх чиглэлүүдэд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа хэлжээ.


Уулзалтад “Метагро ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр, Ньюком группийн дэд бүтцийн асуудал эрхэлсэн захирал Д.Ганхуяг нар илтгэл тавьж, Монгол Улстай хамтран ажилладаг Францын “Thalès, Dassault Systèmes, POMA, Orano Mining зэрэг компанийн төлөөлөл хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийн, хамтын ажиллагааны талаар санал солилцох нүүр тулсан В2В уулзалт зохион байгуулсан байна.


Холбоотой мэдээ