Хятад улс “Торгоны зам” санд 11 тэрбум долларын шинэ санхүүжилт олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН, 2023 оны аравдугаар сарын 18 /RIA Novosti/. Хятад улс "Нэг бүс нэг зам" төслийн хамтын бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор “Торгоны зам” санд 80 тэрбум юанийн (10.9 тэрбум ам.доллар) нэмэлт санхүүжилт олгоно гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгдлээ.
Тэрбээр лхагва гарагт Бээжин хотноо эхэлсэн "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар чуулга уулзалтад үг хэлэхдээ дээрх мэдэгдлийг хийв.
“Хятадын Хөгжлийн банк (China Development Bank), Хятадын Экспорт-импортын банк (Export-Import Bank of China) тус бүр 350 тэрбум юанийн (47.8 тэрбум ам.доллар) санхүүжилтийн цонх нээх бол "Нэг бүс нэг зам" санаачилгын төслүүдийн хамтарсан бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор “Торгоны зам” санд 80 тэрбум юанийн шинэ санхүүжилт олгоно" гэж Хятадын удирдагч хэллээ.
Тэрбээр мөн "Нэг бүс нэг зам" дээд түвшний чуулга уулзалтын хүрээнд болсон бизнес форумын үеэр 97.2 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулсныг нэмж дурдав.
Ши Жиньпиний дэвшүүлсэн ижил нэртэй санаачилгын 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Нэг бүс нэг зам" дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд болж байна.
"Нэг бүс нэг зам" нь Төв Ази, Европ, Африкийн 60 гаруй улсыг холбосон худалдаа, тээврийн коридоруудыг сэргээх, шинээр бий болгох олон улсын санаачилга бөгөөд эдгээр улс орон болон Хятад улс хоорондын худалдааны харилцааг хөгжүүлэх зорилготой юм.