ОРХОН: Т.Бэхцэцэг: Хүний сониуч зан л мэдлэгт хүргэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-10-20 12:44:51
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 20. /МОНЦАМЭ/. Хүн сониуч зангаа гээвэл сурах, мэдэхийн төлөөх тэмүүлэл үгүй болно. Сурахын тулд сахилга бат, хатуужил бас “золиос” гаргах хэрэгтэй. Өнөөдрийн амрах, зугаалахад зарцуулаагүй цаг хугацаагаа эрдэм мэдлэг, сурахад чиглүүлж чадвал ирээдүйн том хөрөнгө оруулалт тэр юм. Сурах, сониуч байх, хатуужилтай байхын давуу талын талаар “Эрдэнэтийн хотол олны хөгжлийн төв”-ийн тэргүүн, англи хэлний багш, орчуулагч Т.Бэхцэцэгтэй ярилцлаа.


-Та Эрдэнэтийн унаган хүүхэд байх аа?

-Тийм ээ. Унаган хүүхэд гэснээс би арван жил, их сургуулиа төгсөөд Эрдэнэтээс л явж байвал хаашаа ч явсан яахав гэж боддог байлаа. 


-Яагаад?

-Эрдэнэт их уйтгартай хот шиг санагддаг байв. Тухайн үед залууст зориулсан юу ч байгаагүй. Одоогийнх шиг кино театр, Хүүхэд, залуучуудын ордон, хамтдаа суугаад ярилцчих газар, өөрийгөө хөгжүүлэх, өөртэйгээ ижил залуустай мэдлэг, мэдээллээ хуваалцах хүрээлэл, орчин байгаагүй. Англи хэлнийхээ мэдлэгийг ч дээшлүүлэх, хэрэглэх боломж их хомс санагддаг байлаа. Уйтгартай нэгэн хэвийн өдрүүд л үргэлжлээд байгаа юм шиг санагдаад хурдхан шиг явах юмсан, эндээс л явж байвал хаашаа ч яахав гэж боддог байлаа даа.


-Тэр үед та хэдтэй байв?

-Би хорь гаруйхан настай. Анхны хүүгээ төрүүлчихсэн. Гэртээ суугаад удсан болохоор ямар нэг зүйл хийхийг маш их хүсдэг байлаа. Их сургуулиа англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгсөөд Улаанбаатар луу явсан.


-Та гэхдээ ямар нэгэн зорилго, тэмүүлэл “өвөртлөөд” Эрдэнэтээсээ хол явмаар байсан уу эсвэл зүгээр уйтгартай газраасаа зугатмаар байсан юм уу?

-Тухайн үед тийм сүрхий зорилго, тэмүүлэл байгаагүй. Зүгээр л өөр орчинд ажиллаж, амьдармаар санагдсан. Тэгээд Улаанбаатар хотод очоод өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр ажиллаж өөрийгөө хөгжүүлье гэж бодсон. Бас өөрийгөө сорьж үзмээр санагдсан. Ингээд одоогийн Цахим хөгжил, харилцаа холбооны яам буюу хуучнаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газарт гадаад харилцааны мэргэжилтнээр ажилласан. Тэндээ дөрвөн жил хэртэй ажиллаад АНУ-ын Массачусеттс мужийн их сургуульд Жендэр, манлайлал, нийгмийн бодлогын чиглэлээр сурсан.

Массачутсетс мужийн Бостон хот нь дэлхийн боловсролын төв юм. Тэнд олон улсад нэр хүндтэй олон сургууль нэг дор байрладаг бөгөөд дэлхийн шилдэг Массачусеттсийн Технологийн институт, Харвардын Их сургууль хоёр зэрэгцээд байж байдаг. Тэнд Нобелийн шагналтнууд гэх мэт салбар салбарынхаа оргилд гарсан шилдгүүд оюутнуудад хичээл заана. Ийм том сургуулиудтай хаяа дэрлэдэг Массачутсетсийн Их сургуульд сурсандаа би маш их баярладаг. Анх АНУ-д очихдоо эхний дамжааныхаа төлбөрийг төлөөд 1000 ам.доллартой онгоцны буудалд нь бууж байлаа. Тухайн үед багахан хэмжээний тэтгэлэгтэй сурч, үлдсэн зардлаа өөрөө ажил хийж олдог байв. Дараа нь Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалаад АНУ-д нийтдээ 4 жил сурч, 5 жил амьдраад Монголдоо буцаж ирсэн.


-Эрдэнэтээс л явмаар байна гэсэн хүн яагаад ийм хурдан Монголдоо буцаж ирэв?

-Тухайн үед өөрийн мэдсэн, сурсан зүйлээ бусадтай хуваалцахыг хүссэн. Хуваалцах ёстойгоо ч  ойлгосон. Бас Монголыхоо олон хүүхэд, залууст боломж байгаа шүү гэдгийг ойлгуулахыг чин сэтгэлээсээ хүсэж тэмүүлсэн. Тэнд харсан, үзсэн, сурсан зүйлээ Монголдоо очиж хийж хэрэгжүүлье гэж бодсон. Ингээд Улаанбаатар хотод АНУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх EducationUSA Mongolia Боловсролын төвд зөвлөхөөр, МҮОНТ-ийн англи хэлний редакцид редактороор ажилласан. Тэгсэн нөгөө Эрдэнэтээс л явж байвал хаашаа ч хамаагүй явъя гэсэн хүн чинь харин ч буцаад Эрдэнэтдээ л очмоор санагдсан.


Эрдэнэтэд олон боломж байгааг харсан. Тэнд юу ч байхгүй байна гэдэг харин ч маш том боломж юм гэдгийг ойлгоод төрөлх хотдоо ирж дутагдаж байгаа боловсролын үйлчилгээг  эхлүүлэх хэрэгтэй гэж шийдсэн.


-Таны яриаг сонсохоор ямар нэгэн зүйл хайгаад л түүнийгээ олохгүй байгаа юмуу эсвэл олчихоод эргээд өөр газар луу нүүгээд байгаа юмуу гэж бодогдлоо. Яг аль нь вэ?

-Би ямар ажил хийж, яаж амьдармаар байгаагаа олон жил эрж хайсан. Өөрийгөө их хайсан гэх юм уу. Эрдэнэтийн МУИС-ийг англи хэлний багш, орчуулагчаар анх төгсөхдөө хүүхдүүдэд англи хэл заая, бас орчуулга сайн хийе гэж бодож байсан. Тэгсэн тийм боломж тэр үед надад гарч ирээгүй учраас эндээс явъя гэж шийдээд ийш, тийшээ шилжиж нүүж явсан. Шилжилт хөдөлгөөн гэснээс, би Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй ярилцаж байхад тэр хүн, “Танай монголчууд шилжилт, хөдөлгөөнийг их буруутгадаг юм байна. Энэ бол маш буруу. Улаанбаатарт нүүж ирж байгаа хөдөөний хүмүүсийг шүүмжлээд байна. Нүүнэ, шилжинэ гэдэг чинь тухайн хүндээ өөрчлөлт, шинэ мэдлэг, мэдээлэл өгч байдаг давуу талтай. Харин тухайн хот, аймаг нь шилжин ирж байгаа хүмүүсээ угтан авах хөтөлбөр хэрэгжүүлж тэдний мэдлэг, туршлагыг сайн ашиглах хэрэгтэй. Харилцан мэдээллээ солилцож байж хөгжинө. Шилжилт хөдөлгөөн бол ӨӨРЧЛӨЛТ, ХӨГЖИЛ байдаг” гэж хэлсэн.

Би Эрдэнэтээсээ явж байж Эрдэнэтэд байгаа боломжийг олж харсан. Түүнээс биш нэг газраа удаан байвал зөвхөн сул талыг л мэдрэхээс биш ямар боломж, давуу тал байгааг харж чаддаггүй юм билээ. Иймд миний хувьд хамгийн сайн мэддэг хотдоо эргэж ирээд өөртөө дахиад эхнээс нь нээсэн гэсэн үг. Ямар их боломж байгааг мэдэрч эхэлсэн. Хэрэв би 15 жилийн өмнө энэ төвийг байгуулсан бол одоогийнх шиг бэрхшээлийг давж чадахгүй, тухайн үедээ шантраад орхичих байсан байх. Тэгэхээр бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдгийн жишээ энэ.  

Манай сургалтын төв хүүхэд, залууст гадаадад сурахад нь хэрэгтэй бүх мэдээллийг өгөхийг зорьдог. Шалгалтдаа хэрхэн бэлдэх, эсээгээ яаж бичих, тэтгэлэг авахын тулд ямар ур чадвараа илүү сайн хөгжүүлэх вэ гээд л. Яахав бага, багаар ахиц гарч л байна.


-Сурсанаа бусадтай хуваалцана гэдэг маш сайн үйл гэж би боддог.

-Гадаад хэл сурна гэдэг урт хугацааны бэлтгэл, хүчин зүтгэл байдаг.


Хэл сурч байж л дэлхийтэй нэгдэнэ.


Өөр гарц байхгүй. Тиймээс залуучуудад англи хэл сурахад нь туслах, өөрийн харсан, үзсэнийг тэр залуучууд бас харж мэдрээсэй, өөрийгөө, орчноо өөрчлөхийн төлөө тэмүүлээсэй гэж хүссэн. Бас цахим орчинд нээлттэй, мэдлэгээ, мэдээллээ хуваалцахыг зорьж байгаа. Мөн боловсролыг тэгш, хүртээмжтэй байлгахын тулд төлбөрийн нөхцөлөө ч хүмүүсийн амьжиргааны түвшинд нь тааруулж гаргасан. Хэт их өндөр төлбөр тогтоохоор хүүхэд бүр сурах боломж нь хумигдаад ирнэ. Гадаад хэлийг  урт хугацаанд уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд сурдаг. Иймд цаг хугацаа, мөнгө их зарцуулдаг.


-Хүн өөрийгөө өөрчлөх, сурах, мэдэхийн төлөөх тэмүүллийг хаанаас олж авах вэ? Гэр бүл үү, сургууль уу, багш уу? Та өөрийн тэмүүлэл, хүсэл зоригоо яаж олж авсан бэ?

-Гэр бүл, найз нөхөд, багш, сургууль гээд бүгдээс нь л авч байх ёстой. Сурах, мэдэхийн төлөө тухайн хүн өөрөө ухамсарлах, хариуцлагатай байх ёстой гэж боддог. Ажил олдохгүй бол өөртөө ажлын байр бий болгох гэж зорьж тэмүүлж байх ёстой. Суралцана гэдэг бол насан туршийн үйл явц. Их сургуульд сурна гэдгийг дөрвөн хананы дунд сууж сурах тухай биш юм.   

Хүн сониуч байдлаа л алдаж болохгүй. Аливаа зүйлийг сонирхохоо больж, сониуч байдлаа гээж эхлэхэд л сурах үйл явц зогсдог. Иймд тэмүүлэл гэдэг бол сониуч байдлаа орхихгүй байхыг л хэлнэ. 


Хүний сониуч зан л  мэдлэгт хүргэдэг. 


Би АНУ-д сурч байхдаа алдаж, оносон олон зүйл байдаг. Тэр бүхэн асуухгүй, сонирхохгүй байснаас болсон байдаг. Бас их зориггүй байж. Хүн үргэлж шинийг эрэлхийлж, хайж байх хэрэгтэй. Бас сурахын төлөө хатуужилтай, сахилга баттай байх хэрэгтэй. Шинжлэх ухааныг сахилга бат, дэг журамтай хүн л илүү сайн судалж чадна. Бас өнөөдрийн амралт, зугаалга, тайван, назгай байдлаа “золиосолж” байж л үр дүн гарна. Өнөөдрийн гаргасан золиос чинь ирээдүйд маш том хөрөнгө болж орж ирнэ.

Би Америкт оччихоод өөрийгөө овоо дайчилж байна даа гэж бодож байсан чинь гадаад оюутнууд бүр илүү байсан. Тэдний сахилга бат, өөртөө тавих шаардлага, хатуужил нь маш өндөр. Бүр багаасаа сурах арга барилд сайн сурсан байдаг юм билээ. Тэд бидэнтэй л адил хоёр гар, хоёр хөлтэй, бас аав, ээж нь ялгаагүй л цалингаасаа хүүхдийнхээ боловсролд илүүчилдэг. Тэд бидэнтэй ижил орчин, нөхцөлтэй хэрнээ яагаад илүү байгаа юм? Яагаад гэвэл мэдлэг амьдралыг нь өөрчилдөг гэдгийг мэддэг учраас мэдлэгийн төлөө тэмүүлж бас өөрийгөө түүнд үргэлж бэлдэж байдаг. Тэд өглөө 4 цагт босч эрүүл мэнддээ анхаарч гүйнэ, усанд сэлнэ. Дараа нь ном уншина. Тэгээд хичээлдээ явна. Энэ нь бүр багаас нь суусан дадал байдаг. 24 цагийг маш үр дүнтэй өнгөрүүлнэ, найз нөхдөдөө цаг гаргана, дугуйлан сургалтад хамрагдана, ачаалал дааж чаддаг.

Багш нэг номын талаар цухас дурдсан бол маргааш нь бүгд уншаад түүнийхээ талаар ярилцаад өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлдэг. Гэтэл би сурагчдадаа ийм ном байдаг, их гоё агуулгатай гэж хэлээд 3 сар өнгөрч байхад хэн нь ч багшаа би уншсан гэж хэлж ирээгүй. Тэгэхээр ялгаа байгаа биз дээ бидэнд. Гадаад оюутнууд ном унших бүр өөрийн дадалтай. Хоёр өдрийн л ажил байдаг. Тэд үргэлж уншдаг. Үүнийг ердөө сахилга батаар л бий болгож чадсан. Тэгэхээр тэмүүлэл гэдэг бол ээж, ааваас, гэр бүлээс бас багшаас, өөрөөс нь л гарч ирнэ гэсэн үг.


-Боловсрол, мэдлэгийн үнэ цэнийг мэддэг эцэг, эх л хүүхдээ мэдлэгт “шунаж” өсгөнө. Боловсролгүй ээж боловсролгүй л хүүхдийг нийгэмд илгээнэ. Тэгэхээр хүүхэдтэй ажиллахаас гадна эцэг, эхэд нь ойлгуулах ажил их хүнд тусдаг гэж нэг багш хэлж байсан. Танд ийм зүйл хэр их тохиолдож байна вэ?

-Хүүхдүүдэд та нарт ийм боломж байгаа шүү гэхэд зарим нь итгэдэггүй. Өөрт нь асар  их нөөц байгаагаа бас анзаардаггүй. Үүнийг нь эцэг, эх нь ойлгуулж өгөөгүй бас дэмжихгүй тохиолдол гардаг. IELTS, TOEFL-ийн шалгалтаа өндөр өгчихөөд Харвард гэх мэт том сургуулиудад элсэн орох хэмжээний босго оноогоо давчихаад байгаа хэрнээ түүнийхээ үнэ цэнийг ойлгохгүй байгаа тохиолдол надад маш харамсалтай санагдаж байсан.


Тэр өөртөө итгэхгүй байгааг харах маш хэцүү. Дэлхийн топ сургуульд орох гэдэг нь өөрийнх нь хувьд их хол, хүрч боломгүй зүйл байгаад байдаг. Өөртөө итгэж сурах нь хэл сурахаас нь ч хэцүү байгаа нь харагддаг.


-Өөртөө итгэх, тэмүүлэлтэй байх, сурах арга барилаа олох гээд энэ бүхнийг хүн өссөн орчноосоо авна. Бид үүнийг засах боломж байгаа болов уу? Бид ер нь хэр их хоцорч байна вэ?

-Улс орон бүрд өөрийн онцлог, давуу тал байдаг. Еврейчүүдийг хүмүүс онцгой үндэстэн гэдэг. Тэдний онцгой зүйл нь юу юм бэ. Уураг, тархи нь юм уу, төрөлхийн ийм онцгой юмуу гэхээр үгүй, ердөө соёлд нь байдаг. Монголчууд их тоомжиргүй, хариуцлагагүй, өөрөөсөө хариуцлагыг түлхэж өрөөлийн төлөө амьдарч байгаа мэт авирладаг. Гэтэл еврейчүүдийн онцгой байгаа нь гэр бүлийн соёлоос нь эхтэй.

Еврей гэр бүлд аав нь онцгой үүрэгтэй. Тэд хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэнэ, байнга ярилцана, ажлаас гадуурх цаг хугацааг хүүхдүүдэдээ бүрэн зориулна, ойлгохгүй зүйлийг нь тасралтгүй ярилцана, тайлбарлана.

Ээж бол халамжилж хайрлана, сахилга батад сургана. Аав өөдрөг үзэл, өөртөө итгэх итгэлийг өгнө. Ийм гэр бүлд өссөн хүүхэд амьдралын эрч хүчтэй, хариуцлагатай хүн болж төлөвшинө. Тэд хүүхдийг бага гэж гололгүй философи заана. Гуравхан настай хүүхдэд гадаад хэл заана. Тэд мэдлэгт амьдралаа зориулдаг мэт санагддаг. Найзалж нөхөрлөж байсан еврей оюутнууд ийм л байсан. Би тэднээс их зүйл сурсан. Тэгэхээр бидэнд сурч, мэдэх, ойлгох маш олон зүйл байна. Энэ соёлыг Эрдэнэтдээ дэлгэрүүлэх юмсан гэж боддог. Ийм зорилгын төлөө ажиллахыг хичээж байна.


-Та “гэртээ”  ирж.  Одоо харин гэр бүлийн гишүүд хичээх хэрэгтэй байх. Бас та ч их тэвчих хэрэгтэй байх. Ямар ч гэсэн энэ бүхнийг эхлүүлэхийн төлөө Эрдэнэт хотдоо эргэн ирсэнд баярлаж байна. Танд амжилт хүсье.

Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ