Тэрбумтнуудад татвар ногдуулснаар жилд 250 тэрбум доллар босгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-10-24 15:42:53

ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 24 /VOA/. Асар их хэмжээний хөрөнгөтэй хүмүүст татвар ногдуулах замаар улс орнуудад орлогын шинэ эх үүсвэр бий болгохыг Европын Холбоонд төвтэй нэгэн судалгааны байгууллагын шинэ тайланд санал болгожээ.


Дэлхийн улс орнуудын засгийн газрууд татвараас зайлсхийхээс урьдчилан сэргийлэхийн тулд нэгдсэн хүчин чармайлт гаргаж, тэрбумтнуудад ногдуулах татварыг бий болгосноор жилд 250 тэрбум ам.доллар босгох боломжтой гэж Европын “Tax Observatory” байгууллага үзэж байна.


Энэ мөнгө нь дэлхийн 2700 орчим тэрбумтны эзэмшдэг 13 их наяд долларын 2 хувийг эзлэх боловч дэлхийн хамгийн баян хүмүүсийн орлогын татвараас илүү их мөнгийг оруулах болно гэж судлаачид даваа гарагт танилцуулсан “2024 Global Tax Evasion Report” тайландаа дурджээ.


Тэрбумтнуудын төлдөг татвар нь жирийн татвар төлөгчдийнхөөс бага байдаг нь тэрбумтнууд орлогын албан татвараас хаацайлдаг компаниудад мөнгөө байршуулах боломж байдагтай холбоотой гэж судлаачид дүгнэсэн байна. 


Тэрбумтнуудад ногдуулах хувь хүний орлогын албан татвар АНУ-д 0.5 хувь, Францад бараг 0-тэй тэнцүү байдгийг “Tax Observatory” байгууллага тооцоолжээ.


Тэрбумтнуудын татварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт сүүлийн үед өргөжсөөр байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны төсвийн төсөлд хамгийн чинээлэг 0.01 хувьд доод тал нь 25 хувийн татвар ногдуулахаар тусгасан юм. Гэвч уг төсөл Конгрессоор батлагдах эсэх нь тодорхойгүй байна.


Хэдийгээр хүнд хэцүү, ээдрээтэй байсан ч гэлээ татварыг нэмэгдүүлэх зохицуулалт бүхий стратегийн бодлого бий болжээ. 2021 онд 140 орны хооронд байгуулсан гэрээгээр корпорацийн татварыг дэлхийн хэмжээнд 15 хувь байхаар тогтоосон бөгөөд энэ нь үндэстэн дамнасан компаниудын ашгийг татвар багатай орнууд руу шилжүүлэх замаар татвараас зайлсхийх боломжийг хязгаарлах зорилготой юм.


Tax Observatory” байгууллагын захирал Габриэль Зукман сэтгүүлчдэд хэлэхдээ "олон хүмүүсийн боломжгүй гэж бодож байсан зүйлийг одоо бид бодитоор хийж болно гэдгийг харж байна. Дараагийн алхам бол энэ логик үзэл баримтлалыг зөвхөн үндэстэн дамнасан компаниудад төдийгүй тэрбумтнуудад хамааруулах явдал юм” хэмээн ярьжээ.


Корпорацийн татварын доод хэмжээг тогтоосон нь татварыг бууруулахын төлөөх улс орнуудын өрсөлдөөнийг зогсоосон боловч компаниудын хувьд татвараа бууруулан тооцоолох цоорхой байсаар байгааг тайланд  онцлон дурдсан байна.

 


Холбоотой мэдээ