Үерийн эрсдэл үүсгэсэн “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг буулгаж, газрыг чөлөөлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгаж байна.
Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд Дунд гол дагуу байрлалтай “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг буулгаж, газар чөлөөлөх ажлыг аравдугаар сарын 27-ноос эхлүүлжээ. Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж наймдугаар сарын 31-нд гарсан бөгөөд “Шунхлай” шатахуун түгээх станцынхан дээрх хугацаанд шатахуунаа зөөж тээвэрлэн, аюулгүй байдлыг хангажээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Шунхлай трейдинг” ХХК-ийн эзэмшлийн шатахуун түгээх станцыг голын ай савд барьсан тул газар чөлөөлөлтийг хийж байна. Тус компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд, мөн харилцан тохиролцож газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Газрыг чөлөөлсний дараа үерийн болон голын ай савыг хамгаалах барилга байгууламж барина. Шатахуун түгээх станцыг буулгах, газар чөлөөлөх ажлыг арваннэгдүгээр сарын 5-нд дуусгахаар тохирсон” хэмээжээ.
“Шунхлай трейдинг” ХХК-ийн Техник хариуцсан захирал Ш.Гэрэлт-Од “Компанийн удирдлагууд нийслэлийн удирдлагуудтай харилцан тохиролцож, шатахуун түгээх станцыг буулгах ажил эхэлж байна. Нүүлгэн шилжүүлэх болон буулгалтын зардлыг олгож байгаа. Объектыг барьж байгуулсан зардлыг одоогийн үнээр тооцвол өндөр дүн гарна. Гэхдээ үер усны бодит эрсдэл байгаа учраас бид хүлээн зөвшөөрч буулгаж байна” гэсэн байна.
Нийслэлийн удирдлагууд мөн үерийн эрсдэлтэй байдал үүсгэсэн “S'Outlet” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа компанийн төлөөлөлтэй уулзаж, харилцан тохиролцох байдлаар газар чөлөөлөхөөр ярилцсны дүнд эхний ээлжид голын голдирол дагуу байрласан хоёр давхар барилгыг буулгахаар болжээ.
Харин “Aqua garden”-ийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Долоогоос дээш давхар барилгыг нурааж байсан туршлага манайд байхгүй. Иймээс үүнд гадаадын туршлагатай хуулийн этгээдийг оролцуулахыг үгүйсгэхгүй. Гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангаад явна. Газар чөлөөлтийн зардал харилцан адилгүй байгаа. Хувийн хэвшилтэй тохиролцож, аль болох л төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарахгүй. Хууль зөрчиж зөвшөөрөл олгосон тодорхой мэдээлэл байвал бид шалгуулна. Сэлбэ, Туул, Дунд голын ай савыг дагасан үер усны байгууламжийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэж, ямар хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, инженерийн ямар шийдлүүд зохистойг мэргэжлийн хүмүүсийн тооцоо, судалгаан дээр үндэслэж шийднэ. Эрсдэл хэзээ ч үүсэж болзошгүй учир үүнийг урьдчилан тооцож, Нийслэлийн Засаг дарга бодлогоо гаргаж байгаа” хэмээн ярьсан байна.