ДАРХАН-УУЛ: Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд 100 гаруй үйл ажиллагаа зохион байгуулна

ӨВ СОЁЛ
174@montsame.mn
2023-11-01 20:30:02

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Жил бүрийн арван нэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон тэмдэглэснээр гурав дахь жилтэйгээ золгож байна.


Улс даяар бүтэн сарын турш соёлын салбар, түүний ажилтан, албан хаагчдыг чадваржуулж, хөгжүүлэх олон талт арга хэмжээ зохион байгуулж иргэд, олон нийтэд нээлттэй урлагийн тоглолт, арга хэмжээ, үзэсгэлэн, хүүхэд залуучуудад тусгайлан зориулсан хөтөлбөрүүдийг тус аяны хүрээнд хэрэгжүүлэх ажээ.




Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, соёлын байгууллагууд “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд 100 гаруй үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.




Гурав дахь удаагийн “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд урлагийн тоглолт, кино үзвэр, соёлын боловсролын хөтөлбөрүүд, соёлын үйлчилгээ, тэмцээн, уралдаан, сургалт, хэлэлцүүлэг, номтой нөхөрлөе аяныг хийж хэрэгжүүлэх аж.

Энэ хүрээнд аймгийн хэмжээнд 16-18 насны хүүхдүүдэд зориулсан “Соёлын эрхийн бичиг” үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.




Жил бүрийн “Соёлын бүтээлч сар” аяныг өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр зохион байгуулахын зэрэгцээ энэ жил “Буган чулуун хөшөө дурсгал”-ыг онцолж байгаа бөгөөд “Соёлын засаглал ба Эрхзүйн шинэчлэл, Бүтээлч байдал ба Мэдлэг, туршлага Соёлын хүртээмж ба Хөрөнгө оруулалт, Дижитал шилжилт ба Шинэ боломж сэдвийн хүрээнд зохион байгуулагдах ажээ.




Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт буган чулуун хөшөө байдаг. Энэ сарын аяны хүрээнд уг хөшөөг олон нийтэд таниулах, сурталчлах, хамгаалах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.



Ташрамд, Буган чулуу нь хүрэл зэвсгийн үед босгосон чулуун хөшөө бөгөөд ихэнх нь Монголд, бусад нь Төв Азийн баруун хэсгээр байдаг аж. Өндөр нь 1.5-7.5 м байх ба голчлон зүүн зүгт хандсан, гол төлөв буга дүрсэлсэн байдаг тул буган хөшөө гэж нэрлэдэг ажээ.

Холбоотой мэдээ