Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд БНХАУ-тай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-02 11:45:16

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих, Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах зэрэг хоёр улсын хамтарсан олон төсөл нийслэлд хэрэгжиж байна. Өмнөх удирдлагын багийн хэрэгжүүлж байсан Бээжин, Чунчин, Тяньжин хотын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, өргөжүүлэх болно. БНХАУ-тай гэр хорооллыг орон сууцжуулах, метро, тойрог зам байгуулж, түгжрэлийг бууруулахад чиглэлд хамтран ажиллахад бэлэн” хэмээв.


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань “БНХАУ агаарын бохирдлыг бууруулах, метро, тойрог зам, хот төлөвлөлт зэрэг чиглэлд хуримтлуулсан туршлага арвин. Иймд сайн туршлагыг хуваалцах, дээрх чиглэлүүдэд улс, хотуудын түвшинд хамтран ажиллахад таатай байх болно. Цаашдын хамтын ажиллагаа үр дүнтэй, ач холбогдолтой байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.


Талууд хэлэлцсэн асуудлыг ажил хэрэг болгож, харилцаа, хамтын ажиллагааны үр өгөөжийг сайжруулахад анхаарна гэдгээ уулзалтын төгсгөлд илэрхийлжээ.

Холбоотой мэдээ