ЗАВХАН: Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээллийг 12 мянга гаруй хүнд илгээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Тус
аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс цаг агаарын аюултай үзэгдлээс
сэрэмжлүүлэх мэдээг бэлтгэж 22 сумын 11500 гаруй иргэнд багц зурвасаар хүргэжээ.
Аравдугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 7 удаа агаар муудаж анхааруулах мэдээг өдөр бүр, цасан болон шороон шуурганы цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг бэлтгэж цахим сүлжээгээр дамжуулан тухай бүрд нь иргэдэд мэдээлэл хүргэсэн.
Түүнчлэн цаг агаарын багц зурвасыг бэлтгэн нийт 22 сумын 11502 хүнд, цаг агаарын анхааруулах мэдээллийг 24 сумын 12198 хүнд гар утсаар дамжуулан илгээсэн байна.
Өнөөдөр тус аймгийн нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан
бүрхүүл тогтсон байна. Нутгийн хойд болон зүүн хойд тал уулархаг нутгаар ахиу
хэмжээний цас унаж тэгш талдаа 20-25 см, гуу жалгандаа 50-60 см-ийн зузаан
цасан бүрхүүл тогтсон байна.
Тал хээрийн нутгаар 9-19 см, гуу жалгандаа 25-50 см-ийн
цастай. Дөрвөлжин сумын нийт нутгаар, Ургамал сумын баруун хойд, Алдархаан
сумын баруун өмнөд хэсгээр цасан бүрхүүл тогтоогүй байна.
Энэ сарын 4-ний өдрөөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч өдөртөө 0-11 градус, шөнөдөө 9-26 градус хүрч хүйтэрсэн. Өнөөдрийн байдлаар хамгийн хүйтэн нь Тосонцэнгэл сумын нутгаар агаартаа -26 градус, хөрсөндөө -29 градус байна.
Өнөөдөр хангайн уулархаг нутгаар цас орж, салхи секундэд 7-12 метр, түр зуур секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ.
Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваанд халтиргаа гулгаа нэмэгдэж
болзошгүйг малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхааруулж байна гэж Завхан
аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.