АРХАНГАЙ: "Хангайн цом" наадамд яруу найрагч С.Батзориг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 100 жилийн ойн хүрээнд аймгийн утга зохиолын нэгдлийн 70 жилийн ойд зориулсан “Хангайн цом-2023” яруу найргийн наадам энэ сарын 4-ний өдөр Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн ХДТ-т боллоо.
"Хангайн цом" яруу найргийн наадмыг 1988 оноос зохион байгуулж эхэлсэн байдаг. Дундаа хэдэн жил завсарлаад 2018 оноос “Болор цом” яруу найргийн тэмцээний дараа орохуйц улсын хэмжээний наадам болж өргөжсөн юм.
Тэмцээний эхний шатанд 80 гаруй яруу найрагч шүлгээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 21 найрагчийн шүлгийг тунгаажээ. Үүний дээр орон нутгийн таван яруу найрагчид эрх олгож, 26 найрагч шүлгээ уншлаа.
Наадам дөрвөн үе шаттай явагдсан. Уралдаанд Хөвсгөл аймгийн харьяат залуу яруу найрагч С.Батзориг тэргүүлж, залуу яруу найрагч С.Начин удаалж, яруу найрагч Э.Гантулга гуравт шалгарлаа. Эрдэнэмандал сумын яруу найрагч Б.Энэбиш, Эрдэнэбулган сумын яруу найрагч Н.Төвшинзаяа нар айргийн тавд оров.
Шүүгчээр утга зохиол судлаач Г.Батсуурь /Ph.D/, "Болор цом"-ын эзэн яруу найрагч О.Цэнд-Аюуш, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа нар ажиллалаа.
Залуу яруу найрагч С.Батзоригийн тэргүүн байрын шагналт шүлэг
Данзангийн Нямсүрэнд
1.
Танай хашаанаас түлээ хулгайлагч хүнийг
Таньдаг байсан уу, та? Мэддэг байсан уу?
Хандмаагийн тань үе гишүү хүрсэн
Хатсан модны утаа хахь өөр айлаас үнэртэхэд
Алагч үнээний тань цохон дээр шинийн сар буугаад
Арван таван болсон ч дүүрч өгөхгүй байхад
Амьдрал ямар санагддаг байсан бэ?
Арван долоодугаар жарны энэ өдөр
Ахиад л намар цаг ирсэн байна аа, ахай!
Улаан, шар, улбар энэ бүгдийг
Дулаан өнгө гэж нэрлэсэнтэй эвлэрч чадахгүй
Хүйтэн чийг хөлнөөс зулай хүртэл нэвчих
Хөв хөх намрын орой гэрийнхээ гадаа суугаад
Довжооны шороо хуйлран өндийхөд
Дотор бас ямар нэгэн юм эргэлдэн босож
Яг аюулхайн тушаа хатуу дараад
Яаж ч болохгүй түр зогсоход
Цайвалзагч морин харгуйгаар
Цагаан цагаан шувууд зэллэж одоод
Цангинасан, гунганасан гунигт дуугаар
“Чамтай ахиж уулзахаа мэдэхгүй ч
Чамд аз жаргал хүсье” гэж хэлэх шиг болоход
Хайсанд ургасан шинэсний хатаж эхэлсэн шилмүүс л
Өглөөнийхөөс улам ч ихээр дагжчихсан
Өр өвдөм янзаар үл мэдэг сэрчигнэж байдаг сан
Ингээд л нойр хулжиж, ээж аавынхаа тухай, эх орныхоо тухай
Уярам атлаа гунигтай бодолд
Урт удаан дарагддаг сан
Тэгээд л тааралдсан номоо дэлгэж суугаад
103,104-ээр нүүрийг зураг мэт харж харж юу ч ойлгохгүй
Зургаан удаа уншчихсан л байдаг сан
Үймэрнэ гэдэг нь л энэ юм биз дээ?
2.
“Марал буга ирсэн шөнө”-ийг би унших дуртай
Мараанд орсон буга үүрэглэж орхиод
Манантай өглөө хоньтой нийлчихсэн зогсож байхтай
Там тумхан л ухаан орсон байхдаа
Таарч байсан юм аа би
Илбэт цурхайтай мангуу хүү яг л ингэж таарсан байх
Эмиля гэж хэлэх үү? Нэрээ хэлэх үү? гэж ээрэнцэж зогстол
Гуа сайхан чих нь сортосхийж үргээд
Гувай сайхан бие нь хотосхийгээд цойлж билээ
Энэ л учрал надад гунигийг анх харуулж
Эргээд таарвал бугуйлдаж барина гэх
Эр хүний шунал, авах дийлэхийн хүслийг ч
Энэ цогцсонд минь хайрласан билээ.
Бүүр хожим таны шүлэгтэй учирч
Бүр эртийн тэр явдлын учрыг олсон
Манантай учир марал үүрэглээгүй
Маралтай учир манан буусан байжээ
Улз голын мараанд сайхан марал буугаад
Ууж байгаа ус нь цас болсон та юу?
Уулзах нь үгүй холын хонгор минь тэр л уснаас
Урангоо марал шиг л ундаалан өссөн сөн
Уужим хангайн хур агаарын тунгалагт сэлээд
Уруулд нь хүрээд бургах нь ус болох би юу даа?