Өндөрхангай сумынхан Усны овгорын овоогоо тахив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Өндөрхангай сумын “Усны овгорын овоо” тахих ёслол өнгөрсөн долоо хоногт болсон байна.
Овоог шинээр босгож, хуучин суурин дээр нь байсан хогийг цэвэрлэж зайлуулснаас гадна лам нар тахилгын ёс үйлдэн ном хурсан байна. Овоо тахилгын үеэр хүчит 64 бөхийн барилдаан, 6 насны морьдын уралдаан, Аймгийн арслан, Даншигийн начин цолтон Д.Тогтохжаргалд хүндэтгэл үзүүлэх ёслол, Өндөрхангай сумаас төрсөн салбар салбарын тэргүүний хүмүүсийг шагнаж урамшуулах зэрэг үйл ажиллагаа болсон байна.
Энэ үеэр зохион байгуулагдсан бас нэг томоохон арга хэмжээ бол тус сумын уугуул, соён гэгээрүүлэгч, зураач, яруу найрагч, Б.Пүрэвсүрэнгийн нэрэмжит “Алтан дуулга” яруу найргийн наадам аж. Яруу найргийн наадамд зэргэлдээ сумдаас гадна Улаангом сум, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудаас уран бүтээлчид хүрэлцэн ирж шүлэг найргаа уншсан байна. Үдшийн цэнгүүнд Увс аймгийн “Ойрад” театрын уран бүтээлчид ая дуугаа өргөж, амьд хөгжмийн хамтлаг үзэгчиддээ бэлэг барьжээ.
Бай шагнал өндөртэй, зохион байгуулалт сайтай, сайхан наадам боллоо хэмээн хуран цугласан олон ам сайтай буцжээ.
Увс аймаг Б.Батхүү