ХОВД: Зарим суманд шатахууны хомсдол үүсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-09 14:30:56

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн алслагдсан бүсийн зарим суманд шатахууны хомсдол үүсэж, ихэнх шатахуун түгээх станцаар АИ-92 авто бензин байхгүй, тасалдал үүсээд байна. 

Иймээс аймгийн Засаг дарга Э.Болормаа богино хугацаанд шатахууны нөөцийг бүрдүүлэх тал дээр анхаарч, Шатахуун түгээх станцын удирдлага, компанийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын хүрээнд шатахууны татан авалт, нөөцийн талаар мэдээлэл солилцов.  

Өнөөдрийн байдлаар Ховд аймагт 10 гаруй аж ахуйн нэгж, компани Шатахуун түгээх станц ажиллуулж байгаа бөгөөд Улаанбаатар хот болон ОХУ-аас шатахуунаа татан авдаг.  

Одоогоор шатахуун түгээх станц тус бүр харилцан адилгүй нөөцтэй байна. Зарим суманд шатахуун дууссан. Гадаад  хүчин зүйлээс шалтгаалан зарим станц шатахуунаа татан авч чадахгүй байна гэж эх сурвалжууд хэллээ.

Аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд дизель түлш 159.5 тонн,  АИ 95, 92, 80 бензин 267.5 тонн гээд нийт  427.1 тонн шатахууны нөөцтэй байна.  

Эрсдэлийг тооцож шатахууны нөөц нэмэлтээр бүрдүүлэхэд төр, хувийн хэвшлийнхэн анхаарч, хамтран ажиллахаар болов.    

 

 

Холбоотой мэдээ