СҮХБААТАР: 500 орчим оюутан чуулж, нутаг орныхоо ирээдүйн хөгжлийг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-13 13:11:41

Баруун-Урт, 2023 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. "Нутгийн хөгжилд хамтдаа -Сүхбаатарын оюутнууд 2023" чуулган өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.


Төрийн болон хувийн өмчийн их, дээд сургуульд суралцаж буй 500 орчим оюутан залуус чуулганд оролцож, нэг өдрийн турш нутаг орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн талаар зочид төлөөлөгчидтэй хэлэлцсэн байна.

Чуулганд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч Г. Мөнхзаяа, ЭМГ-ын дарга А.Адъяасүрэн, БШУГ-ын дарга Л.Байгалмаа, сумдын ИТХ-ын дарга болон сумдын удирдлагууд, илтгэгч багш нар, уран бүтээлчид болон бусад зочид төлөөлөгч урилгаар оролцсон юм.

Аймгийн Засаг М.Идэрбат чуулганыг нээж хэлсэн үгэндээ, "Улс орон нутгийнхаа ирээдүйг тодорхойлж, хөгжил дэвшлийг түүчээлэн авч явах нутгийн залуучуудтай Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа-2050", Шинэ сэргэлтийн бодлого, "Нээлттэй Сүхбаатар аймаг" хөтөлбөрийн хүрээнд санал солилцож, цаашид аймаг, сумын хөгжилд залуучуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, үүний тулд тулгамдаж буй асуудлын ярилцаж, хамтдаа гарц шийдлийг тодорхойлох нь чуулганы гол зорилго гэдгийг онцолж байв.

Мөн оюутнуудын дэвшүүлсэн аймаг орон нутгийнхаа цаашдын хөгжилд тусгаж ажиллах олон чухал санааг ажил хэрэгтээ тусган ажиллахад таатай байх болно" хэмээн талархлаа илэрхийллээ.

Орон нутагт эрэлттэй мэргэжлээр суралцаж буй төгсөх ангийн оюутнуудын дунд сургалтын тэтгэлэг олгох журмыг танилцуулсан нь оролцогчдын сонирхлыг ихээр татаж байлаа. Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа “Орон нутагт эрэлттэй мэргэжлээр суралцаж буй төгсөх ангийн оюутанд олгох сургалтын тэтгэлэг олгоно. Сүхбаатар аймагт эрэлттэй мэргэжил 2023 оны 11 дүгээр сарын байдлаар ЕБС-ийн бага анги, байгалийн ухааны багш болон СӨБ-ын багш, хүний их эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтэн, ХАА мал аж ахуйн мэргэжилтэн, сумдын ЗДТГ-т бодлогын мэргэжилтэн үүн дундаа газрын даамал, соёл урлагийн мэргэжилтэн, нягтлан бодогч, санхүү зэрэг мэргэжилтнүүд нэн шаардлагатай байна. Эдгээр мэргэжлээр суралцаж буй төгсөх курсийн оюутнуудын дунд сургалтын тэтгэлэг олгох уралдааныг зарлаж байна. Шаардлага хангасан 10 оюутанд 40 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоно гэдгийг зарлалаа.

Чуулганы үеэр хоёр шатны хэлэлцүүлгийг явуулсан. Хэлэлцүүлэгт оролцогч оюутнууд орон нутагтаа ажиллахад ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйлдвэр барих, орон нутагт хүүхэд багачуудад зориулсан сургалтын төвийг олноор байгуулж, төр бодлогоор дэмжих, чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай, тохилог газар, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгүүдийг аймаг болон сумдад бий болгох нь хамгийн чухал гэдгийг тодорхойлов.

Мөн чуулганы үеэр оролцогч оюутан залууст аймгийн Эрүүл мэндийн газрын баг бүрэлдэхүүн шүдний болон биеийн ерөнхий бүтэц, кальци тодорхойлох үзлэг хийж, зохих зөвлөгөөг өгсөн нь олны талархлыг хүлээж байсан юм. 

Холбоотой мэдээ