Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

ТОЙМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-14 08:42:14
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлэх болсон. Энэ жил уг өдрийг монголчууд 12 дахь жилдээ тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл, Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч, Эзэн Богд Чингис хааныг 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн хэмээн дээрх зарлигаар тогтсон юм. 


Их эзэн Чингис хаан бол монгол туургатнуудын бахархал төдийгүй дэлхий нийтэд эв эеийг эрхэмлэн, хууль цаазын дор амар амгаланг цогцлоож, шашин шүтлэг, тэгш байдлыг тэтгэсэн ардчилсан үзэл санааг дэлгэрүүлэгч, худалдаа арилжаа, харилцаа холбоо, соёл, шинжлэх ухаан, дипломат ёс зэрэг олон салбарыг хөгжүүлэгч, өнөөгийн дэлхий ертөнцийн үнэт зүйл, үзэл санаа, даяаршлын үндэс суурийг тавигч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн, энэ утгаараа хүн төрөлхтний түүхэн дэх аугаа удирдагч, мянганы суут хүн гэгдэн өргөмжлөгдсөн их хүмүүн билээ.


Тив дамнасан их гүрний үндсийг тавьж, гадаад харилцаа, худалдаа, зоос мөнгө, зам харилцаа зэрэг дэлхийн хөгжлийг урагш ахиулахад түлхэц үзүүлсэн үндсэн өөрчлөлт хийсэн хэмээн АНУ-ын "Вашингтон Пост” сонин Чингис хааныг хоёрдугаар мянганы суут хүн хэмээн зарлаж байсан бол 2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх тусгай тогтоол гарган, уг тогтоолдоо: Нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглээд энэхүү үйл ажиллагааг НҮБ-ын гишүүн орнууд өргөн тэмдэглэхийг уриалж байв. 


Өнгөрсөн жил тэмдэглэсэн их хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Их  эзэн Чингис хааны эш хөргийг айл гэр, албан байгууллага бүр дээдлэн залахыг уриалж, Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах ажлыг эхлүүлсэн юм.


“Монгол бахархлын өдөр”-ийн хүрээнд өнөөдөр болох үйл явдлууд:
  • Төрийн далбаа мандуулах ёслол 07.50 цагт болно.
  • Төрийн туг цэнгүүлэх ёслол 08.30 цагт болно.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн "Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон" бүтээлтийн нээлтийн ёслол 09.00 цагт МУИС-ийн Төв байрны Эрдмийн танхимд болно.
  • Монгол Улсын Төрийн дээд шагнал, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол 11:00 цагт Төрийн ордонд эхэлнэ. Энэ жил "Чингис хаан" одонг "Морин хуурын чуулга" хүртэж байгаа юм.
  • Монгол Улсын Төрийн дээд шагнал, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлнэ.
  • “Мөнх тэнгэрийн бичиг-2023” үзэсгэлэн Чингис хаан үндэсний музейд гарна.
  • Чингис хаан үндэсний музей дэх Монголын анхны панарома дэлгэц бүхий музейн виртуал өрөөний нээлт болно.
  • Морин хуурын музейд “Жангар” туулийг хайлна.
  • Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.
Холбоотой мэдээ