“Цахим засаглалын хөгжлийн чиг хандлага” сэдэвт цахим сургалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-17 16:30:28

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс өнөөдөр УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад зориулсан ээлжит цахим сургалтыг “Цахим засаглалын хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.


Энэ удаагийн сургалтыг Судлаач, мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх С.Тэнгис удирдан явуулсан бөгөөд цахим засаглалын хөгжлийн олон улсын туршлага, чиг хандлага болон Монгол Улсын цахим засаглал, цахим шилжилтийн талаар хэрэгжүүлж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


Мөн УИХ-аар хэлэлцэгдэж буй Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийв.


“Цахим засаглалын хөгжлийн чиг хандлага” сэдэвт сургалтад УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний ажлын алба, УИХ дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд зэрэг 70 гаруй ажилтан оролцож, мэдээлэл авсан юм. Сургалтын үеэр оролцогчид сонирхсон мэдээллээ тодруулж, хариулт аван, харилцан санал бодлоо хуваалцлаа.







Холбоотой мэдээ