БАЯНХОНГОР: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан жолооч, зорчигчдыг урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас энэ сарын 19-ний өдөр зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон иргэдийн дурсгалыг хүндэтгэх "Хичээх өдөр"-ийг зохион байгууллаа.
Зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ ноцтой хохирсон иргэдийг дурсах өдрийг дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын эхний гуравдугаар долоо хоногийн Ням гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай Улсын хувьд уг өдрийг жил бүр “Хичээх өдөр” уриалгатайгаар зам тээврийн ослын хор уршгийг иргэд, жолооч нарт таниулах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай.
"Хичээх өдөр"-ийн хүрээнд аймгийн Цагдаагийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан жолооч, зорчигчдыг урамшуулах, мөн талаарх мэдлэг мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар өдөр бүр 3500 гаруй хүн, жил бүр 1.3 сая хүн зам тээврийн ослоор нас барж, 50 сая хүн гэмтэж, 1 жилд 186300 хүүхэд, 1 өдөрт 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алддаг болохыг мэдээлсэн. Монгол Улсын хувьд зам тээврийн ослын улмаас жил бүр 500 гаруй хүний амь хохирч, 2000 гаруй хүн гэмтдэг гэсэн харамсалтай тоон мэдээлэл байна.
Тус өдрийн гол зорилго нь зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний ар гэрийнхэнд тусламж үзүүлэх талаар уриалах, сурталчлах, яаралтай тусламж үзүүлэх байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгаанд суурилж зохион байгуулахад оршдог аж.
Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, өөрийгөө болоод бусдыг хүндэлж, соёлтойгоор зорчихыг аймгийн Цагдаагийн газраас уриаллаа.