АРХАНГАЙ: Ирэх онд улсын төсвийн 94,372.1 сая төгрөгийн 49 төсөл, арга хэмжээг эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-20 16:11:52

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы 2023 оны 11 сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийг хэлэлцэн баталсан.


УИХ-ын баталсан улсын төсвийн зарцуулалтыг доорх  байдлаар багцалж болно. Тодруулбал:

  • Экспортыг нэмэгдүүлэх;
  • Хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийх;
  • Хөдөөгийн сэргэлтийг дэмжих;
  • Иргэдийн бодит орлогыг хамгаалах;
  • Эдийн засаг тэлэхэд төсөв чиглэнэ гэж тодорхойлжээ.
Архангай аймгийн тухайд 2024 онд улсын төсвийн 306,6 тэрбум төгрөгийг нийт 49 төсөл, арга хэмжээнд хуваарилжээ. Үүнээс ирэх 2024 онд 94,372.1 сая төгрөгийг баталсан байна.

49 төсөл, арга хэмжээнээс 2024 онд шинээр эхлүүлэх 30 төсөл байгаа бол үлдсэн нь он дамнасан болон 2012, 2019, 2021 оны ажлыг дуусгахаар төсөвлөсөн байна.


Тухайлбал, гэрээний хугацаандаа ороогүй Тариат сумын хүүхдийн цэцэрлэгийн 50 ортой өргөтгөл, Цахир сумын сургуулийн 320 хүүхдийн суудалтай хичээлийн барилга, Хотонт суманд барьж буй Солийн Данзаны нэрэмжит музей, цэцэрлэгт хүрээлэн, аймгийн төв Эрдэнэбулган суманд 2012 оноос эхлэн баригдаж буй 600 хүний суудалтай Хөгжимт драмын театрын барилга зэргийг дуусгахаар байна.


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийн 16 нь аймгийн төв Эрдэнэбулган суманд хэрэгжинэ. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих онцлох ажлуудыг дурдвал,

- Аялал жуулчлал, соёлын өв /Цахир сум, Баянгол баг/;

- Өгийнуурын бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах төслийн 2 дугаар үе шат;

- Аймгийн төвийн гэр хорооллын шинэчлэл, дэд бүтэц;

- Төв Монголын байгаль, түүх, соёлын цогцолборын барилга /Эрдэнэбулган сум/;

- Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төсөл;

- Орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих "Бяслаг" төсөл /Тариат сум/;

- Аймгийн төвд баригдаж байгаа дулааны станц төслийн цахилгаан хангамж, дэд бүтэц зэрэг хэд хэдэн төслийг дурдаж болохоор байна.


Мөн ирэх онд боловсролын салбарт 20, соёлын салбарт 6, зам, харилцаа дэд бүтцийн салбарт 10 төслийг тус тус хэрэгжихээр тусгажээ. 

Холбоотой мэдээ