СҮХБААТАР: "Монгол өв уламжлал-бидний оролцоо" төслийг Соёлын яам дэмжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-27 12:27:08

Баруун-Урт, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. "Монгол өв уламжлал-бидний оролцоо" төслийг Баруун-Урт сумын хоёрдугаар сургууль хэрэгжүүлж эхэллээ. Уг төсөл нь улсын хэмжээнд нэг л сургуульд хэрэгжиж байна.


Марзай, ширмэл ширдэг ширэх, зүү ороох оёдлоор даалин хавтага оёх, шагай наадгай, үндэсний дуу хөгжим бүжиг, модон тоглоом гээд монгол өв уламжлалтай холбоотой бүхий л зан үйлийг сурагчдын нас насанд тохируулан сурагчдаа нийтээр хамруулж буй нь төслийн гол онцлог. Өөрөөр хэлбэл сурагчдын оролцоог нэмэгдүүлэх замаар үндэсний өв уламжлалаа сурталчлах, түгээн дэлгэрүүлэхийг зорьжээ.


Өнгөрсөн тавдугаар сард буюу Соёлын сэргэлт аяны нээлтийн үеэр Монгол Улсын Соёлын дэд сайд М.Батбаяр, үндэсний өв соёлоо дээдлэн дэлгэрүүлэгч уриатай Баруун Урт сумын хоёрдугаар сургуультай танилцаж, тус хамт олны болон хүүхэд багачуудын хүсэл тэмүүллийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн удаатай. Энэ хүрээнд НҮБн Хүүхдийн сан, Соёлын яамны хамтарсан 20 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэгийг үзүүлж төслийг дэмжжээ.


Төслийн санхүүжилтээр дээрх сургалтын үйл ажиллагаанд шаардагдах бүхий л эд хэрэгсэл, материалын бэлдцийг хангах аж. 

Холбоотой мэдээ