Скифийн алтыг Украинд буцаан өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-11-28 10:33:08

КИЕВ. 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /BBC/. ОХУ-тай 10 орчим жил үргэлжилсэн маргааны эцэст Крымийн музейн эртний эрдэнэсийн түүхэн цуглуулгыг манай улсад эргүүлэн өглөө гэж Украины эрх баригчид мэдээлжээ.


Скиф, сарматчуудын хэрэглэж байсан үнэт эдлэл, баримлууд зэрэг 565 эд зүйлийг Нидерландаас Киевт авчирсан байна.


Тэдгээр эд зүйлсийн дотор МЭӨ IV зууны үеийн скифийн ёслолын алтан дуулга, эртний грекчүүд Крымийг колончилж байсан үед хамаарах бусад эрдэнэс байгаа ажээ. Голдуу Крымийн музейнх болох эл цуглуулга ОХУ 2014 онд Крымийн хойгийг өөртөө нэгтгэх үед Амстердамын Аллард Пирсоны музейд байсан юм.


Украин, Орос хоёулаа энэ цуглуулгыг авахаар нэхэмжлэл гаргасан боловч Нидерландын шүүх Украины талд шийдвэр гаргажээ.


“Амстердамд дэлгэн үзүүлсэн “Крым: Хар тэнгисийн алт ба нууц” үзэсгэлэнд тавигдсан Крымийн дөрвөн музейн эд өлгийн зүйлсийг 10 орчим жил үргэлжилсэн шүүхийн маргааны дараа Украинд эргүүлэн өглөө. Хүрэл сэлэм, алтан дуулга, үнэт чулуу зэрэг цуглуулга “Крым чөлөөлөгдөх хүртэл Киевт хадгалагдана” гэж Киев хот дахь Украины Үндэсний түүхийн музейн захиргаа даваа гарагт мэдэгджээ.


Крымийн музейнүүд Москвагийн дэмжлэгтэйгээр уг цуглуулгыг буцаан авахыг оролдсон ч бүтэлгүйтжээ. 2021 онд Нидерландын давж заалдах шатны шүүх эдгээр эрдэнэсийг аль нэг музейд бус Украины мэдэлд байх ёстой гэж үзсэн байна. Тус улсын Дээд шүүх энэ оны эхээр уг шийдвэрийг хэвээр үлдээжээ. “Энэ шийдвэр нь маргааныг эцэс болгож байна. Эллард Пирсоны музей эдгээр урлагийн үнэт зүйлсийг Крымийн музейд бус Украин улсад буцааж өгөх ёстой” гэж Дээд шүүх зургаадугаар сард гаргасан шийдвэртээ дурдсан байна.


Оросоос томилогдсон Крымийн тэргүүн Сергей Аксенов даваа гарагт хэлэхдээ, "Өрнөдийнхөн болон Киевийн аль аль нь хууль тогтоомжийг үл тоомсорлодог учраас Нидерландын шүүх эрдэнэсийг Украинд буцааж өгөх шийдвэр гаргах нь ойлгомжтой байсан" гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний эхлүүлсэн “цэргийн тусгай ажиллагааны зорилго” биелсэн цагт л асуудал шийдэгдэнэ гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Харин Оросын төрийн хэвлэлүүдэд энэ талаар бичихдээ, цуглуулга Крымийнх бөгөөд тэнд байх ёстой гэж В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Д.Песков хэлснийг эш татжээ.

Холбоотой мэдээ