БАЯНХОНГОР: Ихэнх сум зудын эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-28 11:56:55

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Баянхонгор аймгийн нийт суманд мэргэжлийн холбогдох албадын ажлын баг зудын эрсдэлийн үнэлгээ хийжээ.


Зудын эрсдэлийн үнэлгээний дүнгээр Баянбулаг, Заг, Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо, Баацагаан, Богд сум зудын дунд эрсдэлтэй, Баянлиг, Гурванбулаг, Баянговь, Галуут, Жинст, Баян-Өндөр сумд зудын их эрсдэлтэй гэж гарсан байна.



Мөн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ.


Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

23.9 хувь - Бэлчээрийн нөөцтэй

24.6 хувь - Бэлчээр хүрэлцээтэй

31.0 хувь - Даац 1-3 дахин хэтэрсэн

6.7 хувь -   Даац 3-5 дахин хэтэрсэн

13.8 хувь - Даац олон дахин хэтэрсэн байна.


Өөрөөр хэлбэл ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 50 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 50 гаруй хувьд хэтэрч гарчээ.


Аймгийн дүнгээр авч үзвэл, Баянхонгор аймгийн ихэнх сум, багийн нутгаар даац ихээхэн хэтэрч гарсан байна. Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг хамаарна. Харин Жинст, Богд, Баян-Өндөр сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарсан бол нутгийн 30 гаруй хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан байна.


Ийнхүү өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ