Матилда Димовска: Аливаа өсөлт тэгш, хүртээмжтэй байж хүний хөгжлийг хангана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. “Монгол Улс болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хөгжил, тогтвортой байдлын гол цөмд хүний хөгжлийн асуудал байж, үүнд анхаарах хэрэгтэй байна.
Тодруулбал, нийгэм, эдийн
засгийн өсөлтийн стратеги нь зөв, хүртээмжтэй байдлыг хангаж, ингэснээр
ирээдүйд нийцсэн ажлын байр бий болгож, хүний хөгжлийг бүх талаар бэхжүүлэхэд
чиглэсэн байх шаардлагатай аж.
Энэ талаар Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний хөгжлийн 2024 оны илтгэл”-ийг Монгол Улсад танилцуулах үеэр онцлон хэлэв.
Тайлан илтгэлд бүс нутагт
төдийгүй дэлхий дахинд тогтворгүй, тодорхойгүй нөхцөл байдал бүрдээд буйг
онцолж, ийм нөхцөл байдалд улс орнууд өсөлтийн стратегийг шинэчлэн тодорхойлох
нь хүний хөгжлийг ахиулахад нэг чухал үүрэг гүйцэтгэхээр байгааг тусгажээ.
Ингэхдээ эдийн засгийн өрсөлдөх чадвар, салбарын төрөлжилтийг сайжруулахыг дурдав. Гэхдээ хүний хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмжих боломжгүй тул хүний сайн сайхан байдлын төлөөх тэгш, хүртээмжтэй хөгжлийг хангахыг чухалж байна. Нэг ёсондоо нийгэм, эдийн засгийн аливаа өсөлт тэгш, хүртээмжтэй байж хүний хөгжлийг хангана гэдгийг онцолж байна.
Танилцуулгын нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцож хэлэхдээ, “Хүний хөгжил бол хүн бүрд тэгш боломж, сонголт олгох, өсөлтийн үр шим, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг хүртээмжтэй түгээх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, ядуурал, ажилгүйдэл, аливаа алагчлалаас ангид байлгах зэрэг өргөн хүрээг хамарсан дэлхий нийтийн хүчин чармайлт юм” гэдгийг тодотголоо.
Дээрх
хамтын зорилгод Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Монгол Улс ч өөрийн
хувь нэмрийг оруулах учиртай. Хүн төрөлхтөн аливаа асуудалд шинэ хандлага, шинэ
чиглэлийг эрхэмлэж, шинэчлэлийн зорилгоо шинээр тодорхойлох нь нэн чухал болж
байгаа үед энэ нь онцгой ач холбогдолтой гэдгийг тэрбээр мөн онцоллоо.
Монгол Улсын эдийн засаг 2023 оны жилийн эцсийн төсөөллөөр 6 хувийг давах эерэг мэдээтэй байгаа хэдий ч орлогын болон жендэрийн тэгш бус байдал, хот-хөдөөгийн ялгаа, ядуурал, ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг эмзэг, тулгамдсан асуудлууд байсаар байгааг УИХ-ын дэд дарга хэлсэн үгэндээ тэмдэглэв. Түүнчлэн УИХ “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлэх хүрээнд аливаа гадуурхлыг арилгаж, хүний нэр хүндийг дээдлэх, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүний чадамжийг тэлж, хүмүүсийн сонголтыг төрөлжүүлэх, эрүүл мэндийн тогтвортой тогтолцоог бэхжүүлэх зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгасан чиглэл, зорилтыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгааг тэрбээр танилцуулсан юм.
Хүний хөгжилд хүмүүсийг өөрчлөлтийн манлайлагч болгон чадавхжуулах хэрэгтэй. Ингэхийн тулд Монгол болон бусад улс орон өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагыг нэн тэргүүнд тавьж, хүний хөгжил, өсөлтөд чиглэсэн стратеги хоорондох уялдаа холбоог сайжруулж байж гэмээн хүний хөгжлийг хангах стратеги бодит ажил болон хэрэгжих учиртайг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс илтгэл тайландаа зөвлөж байна.
Тэгвэл энэ талын хэрэгжилт,
уялдаа холбоо манай улсад ямар байгааг ЭЗХЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн
газрын дарга Л.Балчинлувсангаас тодруулбал, хүний хөгжлийн асуудал бол ганц
байгууллага, газрын асуудал бүхий үйл ажиллагаа биш. Эрүүл мэнд, боловсрол зэргээр
бүх салбар цогцоороо ажиллаж байж хүний хөгжлийг хангана гэдгийг
хэллээ.
Тэрбээр, Тогтвортой хөгжлийн зорилтууд манай улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтод суучихсан байгаа учир хүний хөгжлийн асуудал тусдаа зүйл биш, Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдаад явж байгааг тодотголоо.
Хүний хөгжлийн индекс нь:
- эрүүл мэнд,
- боловсрл,
- орлого болон ажлын байртай
холбоотой гурван хүчин зүйлээс хамаардаг байна.
Монгол Улс хүний хөгжлийн индексээр дэлхийн 191 орноос 98 дугаар байрт ордог, хүний хөгжлийн индексийн үзүүлэлтүүдээс эрүүл мэнд болон нэг хүнд ногдох орлогын хэмжээ гэсэн хоёр үзүүлэлт султэй. Бусад үзүүлэлтээр улс орнуудтай харьцуулахад дундаж түвшинд байна.