Индонезид ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-28 15:15:17

ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /TASS/. 2024 оны хоёрдугаар сарын 14-нд болох Индонезын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил мягмар гарагт буюу өнөөдөр эхэлж хоёрдугаар сарын 10-нд дуусна гэж Индонезын сонгуулийн хороо мэдээллээ.


Индонез улсын нийт 277 сая хүн амын 204 сая нь санал өгөх эрхтэй. Сонгуульд саналаа өгөх нас 17-оос эхэлдэг боловч гэр бүл болж иргэний үнэмлэхтэй болсон өсвөр насны залуучууд ч мөн саналаа өгөх эрхтэй.


Сонгуульд 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч ялах бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь таван жил юм.


Одоогийн Ерөнхийлөгч Жоко Видодо 2014, 2019 онд хоёр удаа дараалан сонгогдсон бөгөөд Үндсэн хуулийн дагуу тэрбээр гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлэх боломжгүй.


Арваннэгдүгээр сарын дундуур сонгуулийн хороо ерөнхийлөгч ба дэд ерөнхийлөгчид хамтран нэрээ дэвшүүлж буй 6 хүнийг бүртгэсэн байна.

Сонгуульд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Батлан ​​хамгаалахын сайд Прабово Субианто  /72 настай/ бөгөөд тэрбээр гурав дахь удаагаа сонгуульд оролцож байгаа юм. Өмнө нь тэрбээр Жоко Видодод хоёр удаа ялагджээ. Субиантогийн хамт Ж.Видодогийн хүү, Суракарта хотын захирагч Гибран Ракабуминг Рака дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ. 


Сонгуульд нэрээ дэвшүүлэх насны доод хязгаар 40 боловч Индонезын Үндсэн хуулийн шүүх Ж.Видодогийн 36 настай хүү Г.Ракаг сонгуульд оролцохыг зөвшөөрсөн шийдвэр гаргаснаас хойш хэд хоногийн дараа түүнийг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ. Энэ шийдвэрт олон нийт дургүйцсэн тул Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулж, зургаан шүүгчид зэмлэл хүртээжээ.


Өөр нэгэн нэр дэвшигч бол Төв Ява мужийн захирагч асан, эрх баригч Индонезын Ардчилсан тэмцлийн намын гишүүн Ганжар Праново юм. Түүнтэй хамт дэд ерөнхийлөгчид  Улс төр, хууль зүй, аюулгүй байдлын сайд Мохаммад Махфуд өрсөлдөж байна.




Гурав дахь өрсөлдөгч бол Жакартагийн захирагч асан Басведан Анис бөгөөд түүнтэй хамтран Үндэсний сэргэн мандалт намын дарга Мухаймин Искандар дэд ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ.

 




Холбоотой мэдээ