Төмөр замын сүлжээгээ 850 гаруй км-ээр өргөжүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-28 16:36:44

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж, энэ онд Монгол Улс үндэсний төмөр замын сүлжээгээ 850 гаруй км-ээр өргөжүүлээд байна.


Төмөр замын суурь бүтэц эзэмшигчид болон төмөр замын цар хүрээ, тээвэрлэлт нэмэгдэхийн хэрээр ачаа тээвэр, тээвэр логистикийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлэх шаардлага үүсээд байгаа. Энэ эрэлт хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, суурь бүтэц хооронд солилцох, дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох хэлэлцүүлгийг ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, Галт тэрэг хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ хамтран зохион байгуулав.


Хэлэлцүүлгийн үеэр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1800 км төмөр замын суурь бүтэц, “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын дотоодын сүлжээний суурь бүтцүүдээр 2024 онд дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах, мөн ачаа тээвэр, тээвэр логистикийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, гарч буй хүндрэл, цаашид хийх ажлаа ч ярилцсаныг ЗТХЯ мэдээллээ.


Хэлэлцүүлэгт төмөр замын суурь бүтэц эзэмшигч “УБТЗ” ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК оролцжээ. 

Холбоотой мэдээ