Газын зурваст гал зогсоох тохиролцоо тав дахь өдрөө үргэлжиллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-11-29 09:32:39

ИЕРУСАЛИМ, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /DW/. Газын зурваст барьцаанаас суллагдсан 12 хүн Израилын нутагт дэвсгэрт эсэн мэнд ирснийг тус улсын Батлан хамгаалах хүчин мэдэгдэв.


“Барьцаанд байсан хүмүүс Израилын нутаг дэвсгэрт ирсэн” гэж Газын зурваст гал зогсоох тохиролцооны тав дахь өдөр гаргасан цэргийнхний мэдэгдэлд дурджээ.


Суллагдсан израилчуудын дунд 84 хүртэлх насны насанд хүрсэн эмэгтэйчүүд, ээжийнхээ хамт суллагдсан 17 настай өсвөр насны охин байгаа юм. Гал зогсоосон тав хоногийн хугацаанд ХАМАС-ын барьцаанаас нийт 81 хүн суллагдаад байгаагийн 61 нь Израилын иргэд байна.


Түүнчлэн мягмар гарагт Израилын шоронгийн удирдлагууд түр эвлэрлийн хүрээнд Палестины 30 хоригдлыг суллажээ. Тэдний 15 нь эмэгтэйчүүд, 15 нь өсвөр насны эрэгтэй хүүхдүүд байлаа.


Газын зурваст барьцаалагдаад байсан Израилын 10 иргэн, Тайландын хоёр иргэн Израилд ирсний дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.


Палестин хоригдлуудыг суулгасан автобус Израилын Ofer шоронгоос Баруун эргийн Бейтуниа хотыг чиглэн хөдөлсөн гэж Al Jazeera” телевиз мэдээлжээ.


Израилын тал ХАМАС-тай байгуулсан гал зогсоох тохиролцооны дагуу Палестины 180 хоригдлыг сулласан байна.

Холбоотой мэдээ