БАЯН-ӨЛГИЙ: Төрийн жинхэнэ албанд томилогдсон 56 иргэн тангараг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-30 16:49:14

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага, нөхцөл болзлыг хангаж, туршилтын хугацаанд албан үүргээ хангалттай гүйцэтгэсэн 58 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.


Тангараг өргөх ёслолын ажиллагааг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 68 дугаар тогтоолын дагуу Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хурлын танхимд зохион байгуулж, аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Салбар зөвлөлийн дарга Б.Мухамед, зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Нуржол нар оролцож тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагчдад баяр хүргэв.


Ташрамд, тус аймгийн хэмжээнд нийт төрийн 179 байгууллагад 7018 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс улс төрийн албан тушаалд 151, төрийн жинхэнэ албанд 499, төрийн үйлчилгээний албан тушаалд 6249 хүн ажилладаг.


Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд зааснаар иргэд төрийн жинхэнэ албан тушаалд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөдөг зохицуулалттай. 

Холбоотой мэдээ