Автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай асуудал НИТХ-д яригдаагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-01 09:32:24

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Тус хуулийн төслүүдийг талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Оюунчимэг танилцууллаа. Тэрбээр УИХ-ын даргын 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 174 дүгээр захирамжаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшинээр ахлуулан, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр төслийг чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан гээд хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор D.parliament.mn цахим системээр дамжуулан олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан санал авахад нэр бүхий иргэдээс 77 санал ирүүлснийг ажлын хэсэгт танилцуулсан гэв. 


Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нарын гишүүд асуулт асуув. Тухайлбал, Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүрэлцээг анхаарахгүйгээр, такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй бол 3 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар хуульчлах нь зөв эсэх, яагаад автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлж байна вэ гэх зэрэг асуултыг асуусан. Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэл хотын өнгө зүсийг илэрхийлсэн олон улсын стандартыг хангасан таксины үйлчилгээг нэвтрүүлнэ. Харин “UBСab” зэрэг  үйлчилгээ бол иргэд сайн дурын үндсэн дээр  ажлынхаа зав чөлөөгөөр зохион байгуулалтад орж таксины үйлчилгээ эрхэлж байгаа хэлбэр юм. Цаашид таксины үйлчилгээ эрхлэхийг хүсэгчид тодорхой сургалтад сууж, стандарт хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж дуусаж байгаа. Нэн удахгүй УИХ-д өргөн барина. 2024 онд нийслэлийн автозамын нэвтрүүлэх чадварыг 20 гаруй хувиар нэмэгдүүлж, ирэх жилийн 6 сараас өмнө гурван нүхэн гарц байгуулна. Автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай асуудал НИТХ-д яригдаагүй гэж хариуллаа.


Түүний дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 72 саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Санал хураалт явуулж дууссаны дараа дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.  

Холбоотой мэдээ