СҮХБААТАР: Соёлын бүтээлч сарын онцлох ажлуудаас...
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд тус аймгийн хэмжээнд хийж буй онцлох ажлуудаас танилцуулъя.
11 дүгээр сарын 23, 24-ний өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотод олон улсын уран бичлэгийн “Уянга-10” наадам болжээ. Тус наадамд Сүхбаатар аймгийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Монголын урчуудын эвлэлийн Сүхбаатар аймаг дахь хорооны тэргүүн, СГЗ, зураач Ё.Бадарч оролцсон байна. 10 жил тасралтгүй зохион байгуулж байгаа энэхүү наадмыг Хайлаар хотын “Сонины хороо” зохион байгуулжээ. Ирэх жил “Уянга-11” олон улсын наадамд зураач Ё.Бадарч хоёр орны уран зураг, судалбар зургийн үзэсгэлэнд хамтран ажиллахаар болжээ.
Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Сүхбаатар аймгийн соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс "Бүтээлч залуус" уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан. Зөвлөгөөний үеэр аймгийнхаа соёлын салбар байгууллагуудын дунд "Бүтээлч залуус - Энэрэнгүй үйлс" хандивын аяныг өрнүүлж, аянаар цугласан бараа материалыг аймгийн Улаан загалмайн хороонд хүлээлгэн өгчээ.
Дарьганга сумын Соёлын төвийн хөгжмийн багш Ч.Ганхүү сумынхаа дотуур байрны сурагчдад морин хуур хөгжмийн үүх түүх, өв соёлын талаар танилцуулж, Дарьганга магтаал заажээ. Амьдарч буй орчинд нь очиж ингэж соёлын болон танин мэдэхүйн үйлчилгээ үзүүлсэнд хүүхдүүд таатай хүлээн авчээ.
Дарьганга сумын ЕБС-ийн багш, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч М.Навчаа Дарьганга шавар зуух барих анхан шатны шавь сургалтыг сургуулийнхаа 11-р ангийн охидод хийжээ. Шавар зуух бол дарьганга үндэстний томоохон биет бус соёл юм. Тиймээс уг соёлоо хойч үедээ, тэр дундаа охид эмэгтэйчүүдэд заах нь нэн чухал гэж тэрбээр үзсэн байна.
М.Навчаа шавь сургалтад хамрагдсан сурагчдынхаа хамтаар Орон нутаг судлах танхимдаа хос зуух барьж, дурсгал болгон үлдээжээ.
Асгат сумын Соёлын төв, Залуучуудын холбоо хамтран нийт иргэдийнхээ дунд “Уламжлалт өв соёлоо дээдэлье” уламжлалт тоглоом наадгай, уралдаант тэмцээнийг зохиожээ. Шагайн харваа, хавчаахай харваа, шагайн наадгай, угийн бичиг хөтлөх, үндэсний монгол бичгээрээ зөв бичиж, унших, танин мэдэхүйн АХА зэрэг тэмцээнийг зохион байгуулжээ. Багийн иргэд, малчдын төлөөлөл, төрийн албан хаагчид, орон нутгийн удирдлагууд гээд салбар салбарын залуус идэвхтэй оролцон өрсөлдсөн байна.
Мөнххаан сумын Нийтийн номын сангаас "Судар эгшиглэн" төслийн шилдэг уншигчдыг урьж "Кофетэй өглөө" уулзалт, ярилцлагыг хийжээ. Идэвхтэн уншигчид өөрийн уншиж тэмдэглэсэн номынхоо тухай бусдадаа ярьж, харилцан санал солилцож мөн бие биедээ ном бэлэглэжээ. Оюунлаг энэхүү ажлыг цаашид үргэлжлүүлж, цувралаар хийх санаачилгыг оролцогчид гаргасан байна.
Түвшинширээ сумын Соёлын төвийн дэргэдэх "Нарны хүүхдүүд" дугуйлангийн хүүхдүүд “Ундармал авьяас” тайлан тоглолтоо хийжээ. Дуу, хөгжим, бүжиг гээд бүхий л төрлөөр хүүхдүүдийн авьяасыг нээн хөгжүүлдэг тус дугуйлангийн сургалтыг дандаа соёлын төвийнх нь багш нар удирдан явуулдгаараа онцлог.
Өөрөөр хэлбэл хүүхдүүдээрээ дамжуулан багш, ажилчид нь мөн өөрсдийн ажлаа сумын иргэдэдээ тайлагнажээ. Олон хүүхдийг массаар нь хөгжүүлж, тоглолтдоо хамруулж чадсанаараа онцлог, маш
сайн тоглолт байсан гэдгийг эцэг, эхчүүд нь онцлон хэлэв. Тоглолтод 85 хүүхэд оролцжээ.