Их Британийн Гадаад хэргийн сайд АНУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-12-04 10:56:40

ЛОНДОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /Reuters/. Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон 12 дугаар сарын 6-ны лхагва гарагт АНУ-д айлчилна гэж Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам ням гарагт мэдээлжээ. Түүний хувьд өнгөрсөн сард албан тушаалдаа орсноос хойш АНУ-д хийж буй анхны айлчлал энэ болох юм.


Д.Кэмерон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй хоёр талын уулзалт хийхээс гадна Конгресс дэх Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын гишүүдтэй уулзана гэж яамны мэдэгдэлд дурджээ.


Их Британийн Ерөнхий сайд асан Д.Кэмерон мөн Украиныг дэмжих асуудлыг АНУ-ын өндөр түвшний төлөөлөгчидтэй хэлэлцэх ажээ.


Тэрбээр мөн Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлыг намжаахын төлөө ажиллана гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.

Холбоотой мэдээ