ХОВД: ИТХ-ын 14 дүгээр хуралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-04 13:04:00
Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаан өнөөдөр төлөөлөгчдийн 82.5 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд аймгийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүлж, хэлэлцэх асуудал, дотоод журмыг танилцуулав.

Энэ удаагийн хурлын явцад аймгийн ИТХ болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлт,  2024 оны төсвийн төсөл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай хэлэлцэнэ.

Мөн Дөргөн сумын Бөхөн, Дуут сумын Тэрэгт уул-Битүүт алаг бодончийн газрыг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц газрын ангилалд оруулах тухай, Төрийн дээд шагналд уламжлах тухай гэсэн долоон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэ онд аймгийн ИТХ-ын хуралдаан дөрвөн удаа өрнөж, 43 тогтоол шийдвэр баталсан байна.


Тус аймаг  “Хүний хөгжлийг дэмжсэн бие даасан эдийн засагтай, стандарт бүхий аймаг” болохын тулд иргэдэд ээлтэй, амьдрах таатай орчин бүрдүүлэх, бизнес эрхлэгч, хувийн хэвшлээ дэмжих, үйлдвэр технологийн паркийг ашиглалтад оруулах замаар малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага бий. 
Үүнтэй холбогдуулан ирэх онд олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухай удирдлагууд онцоллоо.

Тухайлбал, 2024 онд шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажил өрнөж, төрийн үйлчилгээний байгууллага болон цэцэрлэг, сургууль, орон сууцны хороолол, үйлчилгээний төвүүд ашиглалтад орно. Мөн сумдыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлж, зарим суманд дэд бүтцийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж барих зэрэг ажлыг хэрэгжүүлэх аж. 

Холбоотой мэдээ