АРХАНГАЙ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих дэд бүтцийг сайжруулахад 50.0 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-04 16:13:34

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлөөс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг Засаг даргын ивээл дор өнөөдөр зохион байгууллаа.


Энэ жил эл өдрийг “Шийдвэр гарсаар-тойргийн гадна-биднийг сонсооч” уриатайгаар шийдвэр гаргах түвшний болон төрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулав.


Уулзалтын эхэнд аймаг, сумын удирдлагууд, боловсрол, эрүүл мэнд, барилгын салбарын удирдлагуудыг оролцуулан ирэх 2024 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн талаар ярилцаж, санал сонссон байна.


Тухайлбал, 2024 онд ХБИ-ийн Холбоодын зөвлөлийн одоо байрлаж байгаа байрны урсгал зардал болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих явган хүний зам, гарцын дуут дохио зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд нийт 50.0 гаруй сая төгрөгийн хөрөнгийг төсөвлөжээ.


Аймгийн төв Эрдэнэбулган суманд 300 ортой Нэгдсэн эмнэлэгт ашиглалтад орохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад саадгүй болж буйг тодотгож байв.


Хөдөлмөр эрхлэлтийн тухайд аймгийн хэмжээнд нийт 689 ААНБ байдгаас 25-аас дээш ажилтантай 105 байгууллага байна. Эдгээр байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулиар нийт 192 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах ёстойгоос өнөөдрийн байдлаар 81 байгууллагад 170 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна. Үлдсэн 22 иргэнийг ажилтай болгохын тулд хуулийн дагуу хамтран ажиллах аж.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэлт, асаргааны болон түлээний хөнгөлөлт, замын засвар, гэрэлтүүлэг, нохойны асуудлаар санал, асуулт асууж, холбогдох мэргэжилтнүүдээс мэдээлэл авч, зарим хүн асуудлаа шийдүүллээ.


Уулзалт, хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн болон Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын нэг давхарт нэг нэг өрөөг гаргаж, тохижуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал, хүсэлтийг хүлээж авахаар боллоо.


Мөн ирэх 2024 оныг хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Аймгийн хэмжээнд 3652 хөгжлийн бэрхшээлтэй байгаагийн 296 нь хүүхэд. Тэдний 33 нь СӨБ-д, 161 нь ЕБС-д суралцаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй аймгийн хүүхэд бүр хөгжлийн бүхий л үйл ажиллагаануудад хамрагдана. 

Холбоотой мэдээ