БУЛГАН: Баруун замын тусгай ангийн штабын музейг 117,0 сая төгрөгөөр засжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-12-05 16:27:31

Булган, 2023 оны арванхоёрдугаар сарын 4  /МОНЦАМЭ/. Булган аймгийн төвд байрлах 150 гаруй жилийн түүхт Баруун замын байлдааны тусгай ангийн штабын түүхийн музейн байшинд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 117.0 сая төгрөгийн их засвар хийж дууслаа.



 

Нутгийн ард түмний дунд "Сүмтийн Пүүс" гэж нэрлэдэг байсан. Энэ байшин 1870 оны үед орос худалдаачин /нутгийн хүмүүс Бавгар Мишиг буюу Мурат гэж нэрлэдэг байсан/ байшинг орос, монгол, хятад хөлсний ажилчдаар бариулсан түүхтэй.



Дэд жанжин Х.Чойбалсан Алдарт Партизан П.Е.Щетинкин нарын командалсан ардын журамт цэрэг 1921 оны зуны дунд сарын сүүлчээр одоогийн Булган аймгийн төвд ирж баруун замын цэргийн тусгай ангийн штабыг байгуулж энэ байшинд байрлаж байжээ.



БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1965 оны долоодугаар сарын 21-ний 272 дугаар тогтоолоор уг байшинг музей болгох шийдвэр гаргаж, 1961 оноос энэ байшинг музейн зориулалтаар ашиглах болсон байна. Одоо тус музей цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө тэмцэж явсан партизан, эх оронч дайчдын намтар түүх, тэдгээрийн болон цэргийн холбогдолтой эд өлгийн зүйлийг сурталчлан таниулах үйл ажиллагаа явуулж байна.

 


Баруун замын байлдаан нь Монгол орныг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх зэвсэгт тэмцлийн түүхэнд томоохон байр суурь эзлэх бөгөөд энэ байлдааны ялалтын үр дүнд Монгол орны төв хэсэг цагаантнаас бүрэн чөлөөлөгдсөн байна.

 

    МАН-ын Төв Хороо, Ардын Түр Засгийн Газрын 1921 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хамтарсан хурлаар Хиагтын баруун талын харуулууд болон Түшээт хан аймгийн Ахай гүн, Сумьяа бэйс, Дайчин вангийн хошуу /одоогийн Сэлэнгэ, Булган аймгийн зааг нутгууд/-даар түйвээж байгаа цагаантан болон тэдэнтэй сүлбэлдсэн Мэнгэт нарыг даран сөнөөх үүрэгтэй Баруун замын байлдааны тусгай ангийг байгуулж, мөн ангийн цэргийн жанжинд Улаан цэргийн комиссар Иванов, дэд жанжинд Ялгуун баатар Сумьяа нарыг томилжээ. Ялгуун баатар Сумьяагийн удирдсан 70 орчим цэрэг мөн оны 4 дүгээр сарын 1-нд Хиагтаас мордож, улмаар Дух нарс, Хужирт, Хулдаа, Сахалтын даваа зэрэг газраар цагаантныг мөрдөн хөөж байлдав.

    МАН-ын Төв Хороо, Ардын Түр Засгийн Газар 1921 оны 4 дүгээр сарын 26-нд Сумьяаг дэд жанжны тушаалаас чөлөөлж, оронд нь Х.Чойбалсанг томилжээ. Дэд жанжин Х.Чойбалсангийн удирдсан цэрэг Зөвлөлтийн Улаан армийн жанжин Щетинкиний цэрэгтэй хүч хавсран 1921 оны зун Түшээт хан аймгийн Эрдэнэ ван Намсрайн хошууны нутаг Монгол Хавтгай харуулын Зүлэгтэй /одоогийн Булган аймгийн Тэшиг сумын нутагт буй/, Сайн ноён хан аймгийн Итгэмжит гүний хошуу /одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сум/-ны Намнан уул, Гуртын тавилан, мөн аймгийн Мэргэн гүний хошуу/одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сум/-ны Ацат тавилан, Түшээт хан аймгийн Ахай гүний хошууны Дух нарс /Одоогийн Булган аймгийн Сэлэнгэ сум/ зэрэг газраар цагаантны цэргийг мөрдөн хөөж байлджээ. Үүнийг түүхэнд “Баруун замын байлдаан” хэмээн нэрлэжээ.

    Баруун замын байлдааны тусгай анги бүтэн зуны турш дайсныг мөрдөн хөөж, 40-өөд удаагийн том жижиг байлдаанд оролцсон мэдээ байдаг. Эдгээрээс Ацатын тавилан, Дух нарс зэрэг газарт гурав дөрөв хоног үргэлжилсэн ширүүн байлдаан болж, цөөнгүй цэрэг амиа алдсаны дотор алдартай мэргэн бууч Бүлтэйн Чулуудай, Сүрэнгийн Содномдаш зэрэг олон хүн баатарлаг гавьяа байгуулан амь насаа алдсан бөгөөд зөвхөн Ацатын тавиланд болсон байлдааны үед 10 цэрэг амь үрэгджээ.  

    Дэд жанжин Х.Чойбалсан 1921 оны зуны дунд сарын сүүлчээр Дайчин вангийн хүрээ /одоогийн Булган аймгийн төв Булган хот/-нд ирж, Баруун замын цэргийн тусгай ангийн штабыг байгуулжээ. Энэхүү штаб байрлаж байсан байшинд одоо баруун замын байлдааны түүхийг харуулсан музей бий.




Холбоотой мэдээ