БАЯН-ӨЛГИЙ: Зээгтийн давааны цасыг цэвэрлэж, саатсан тээврийн хэрэгслүүдийг гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-05 14:28:59

Өлгий, 2023 оны арван хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар энэ сарын 3, 4-ний өдөр болсон хүчтэй шуурганаар Өлгий-Цагааннуур боомт чиглэлийн А0306 дугаартай авто замын хэсэг болох Зээгтийн даваа цасанд дарагдаж зам хаагдсан.


Үүний улмаас улсын хилээр гарах, мөн орж ирж буй олон тооны тээврийн хэрэгсэл гацсан юм.


Өлгий-Цагааннуур боомт чиглэлийн авто замын арчилгааг хариуцдаг "Жол" компанийн ажилчид өнгөрсөн шөнө Зээгтийн даваанд ажиллаж, замын хунгарласан цасыг цэвэрлэсэн байна. Мөн саатсан том оврын тээврийн хэрэгслүүдийг даваагаар гаргажээ.


Одоогийн байдлаар замын зорчих хэсгийн цасыг бүрэн цэвэрлэсэн бөгөөд тээрийн хэрэгслүүд чөлөөтэй зорчиж байгаа гэсэн мэдээллийг Цагааннуур тосгоны захирагч А.Арыстан өглөө. 

Холбоотой мэдээ