СҮХБААТАР: Ирэх оны төсвийг 45,2 тэрбум төгрөгөөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-12-05 15:50:39

Баруун-Урт, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн 2024 оны төсвийг 45,2 тэрбум төгрөгөөр баталлаа. Аймгийн ИТХ-ын ээлжит бус 21 дүгээр хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн 88,4 хувийн саналаар дэмжлээ.

 

Аймгийн Засаг дарга энэ удаагийн батлагдаж буй төсөв болон хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийхдээ, Сүхбаатар аймаг 2024 онд багийн хөгжил болон сумдын хөгжил рүү чиглэсэн бодлого барихаас гадна орон нутагт агаарын бохирдлыг багасгахад онцгой анхаарна. Утааг багасгахад утаат яндангийн тоог багасгах, нийтийн орон сууцны хороолол, амины орон сууц, инженерийн шугам сүлжээнд холбогдсон хорооллын тоог нэмэгдүүлэх замаар холбогдох арга хэмжээг авч ажиллана гэдгийг онцлов.

 

Мөн цахилгаан халаагуур болон агаар сэлгэлтийн чип багц төслийг гэр хороололд нэвтрүүлнэ. Ирэх онд дулаан гэрийн чип төсөлд 1000 орчим өрхийг хамруулахаар төлөвлөжээ. Баруун-Урт хот эрүүл аюулгүй ногоон хот болно. Энэ ажлын хүрээнд нэгдсэн серверийн системийг ашиглалтад оруулсан. Ирэх жил орон нутгийн төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн камержуулалт нэвтрүүлэх ажлыг төр, хувийн хэвшилтэй хамтран хийнэ. Баруун-Урт хотын гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, хөндлөн огтлолын авто замын байгууламжийг барьж, холбож дуусгана. Хуучин наадмын талбай орчмын газар дээр “Мандах наран” цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг хийж эхэлсэн. 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна зэрэг мэдээллийг өглөө.

 

Холбоотой мэдээ