АРХАНГАЙ: 2024 оны төсвийг 71.2 тэрбум төгрөгөөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-05 17:24:26

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын ээлжит XV хуралдаан энэ сарын 1-ний өдөр боллоо. Хуралдаанд нийт 38 төлөөлөгчийн 34 нь ирж, 84.6 хувийн ирцтэй эхэлсэн. Энэ удаагийн хуралдаанаар аймгийн 2024 оны төсвийн төслийг  хэлэлцэж баталлаа.



2024 оны төсөв Монгол Улсын Засгийн газар болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, хот хөдөөгийн сэргэлт, аймгийг хөгжүүлэх таван жил, жилийн төлөвлөгөө бусад хөтөлбөрт тусгасан зорилт арга хэмжээнүүд, төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, орон нутагт төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллаж, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх болон орон сууцанд хамрагдалтыг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, хот суурингийн тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын менежментийг сайжруулах, төр өөрийн зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны төсвийн байгууллагууд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлийг баримтлан боловсруулжээ.


2024 оны төсвийн хуулиар баталсан аймгийн орон нутгийн төсвийн нийт орлогыг өмнөх онтой харьцуулбал 1553.0 сая төгрөгөөр буюу 9.5 хувиар нэмэгдсэн.


Өөрөөр хэлбэл, аймгийн 2024 оны төсвийг 71.2 тэрбум төгрөг байхаар баталлаа.


2024 оны аймгийн төсвийн орлогыг 20.9 тэрбум төгрөг, төсвийн ерөнхийлөн захирагчийн улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэг нь 36.3 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын 12.1 тэрбум, цэргийн дүйцүүлэх албаны урд оны үлдэгдэл 80.0 сая, мал хамгаалах сангийн 40.0 сая, ОНХС-гийн урд оны төсвийн үлдэгдэл 1.5 тэрбум, орон нутгийн төсвийн урд оны төсвийн үлдэгдэл 221.5 сая төгрөгийг тус тус баталсан юм.


Онцолбол, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 167.3 сая, Засаг даргын нөөц санд 1.0 тэрбум, сумдын Ойн анги 563.3 сая төгрөгийг зарцуулахаар баталсан.


Мөн 2024 оны төсвийн тухай хуульд төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэхээр тооцож баталсан.


Мөн нийтлэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 20 хувь, нийтлэг төрийн үйлчилгээнээс бусад албан хаагчдын цалин 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцон батлаад байна.

Холбоотой мэдээ