Аргалийн тоо толгой 4000 давлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг аргалийн тоо толгой энэ жил 4024 болжээ.
Увс, Баян-Өлгий
аймгийн ОХУ-тай хилллэдэг бүс нутагт ийнхүү тоо толгой нь тогтвортой өсөж
байгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар
мэдээллээ.
Аргаль нь Төв Азийн уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг хамгийн том зэрлэг хонь дэлхийд нэн ховордсон амьтны нэг юм. Өндөр нь 120 см, 140 кг хүртэл жинтэй, биеийн урт нь 1.8 м хүрнэ. Эр нь маш том угалзалсан эвэртэй бөгөөд 190 см хүртэл урт байдаг аж.
Монгол орны Ховд
аймгийн Цамбагарав, Байтагийн уул, Мянган угалзтын нуруу, Увсын Хархираа,
Түргэний уулс, Говь-Алтайн Хар азарга, Хантайширын нуруу, Бурхан буудай уул,
Хангай, Хэнтийн нурууны салбар уулсаар элбэг тархан амьдардаг. Хангайн хөвчийн нуруу, зах бэлийн уулсад
ховор, Өмнөговийн уулсаар ховордуу, Дундговь, Дорноговийн намхан уулсаар ховор
тохиолдоно. Биеийн ерөнхий төрхөөр
Монгол хоньтой адил, төстэй ч байгалийн нөхцөлд зохицож хөл нь өндөр нарийхан
цэгцгэр, үс, ноос нь тачир, ширүүн, годгор жижиг сүүлтэй аж. Эрийг
нь угалз, эмийг нь аргаль гэнэ. Угалзын биеийн жин нь 200 кг, цээжний өргөн нь 115-120 см, Эврийн урт нь
160-180 см, түүнээс ч урт байх нь бий.
Аргаль нь таана,
багалуур, хялгана, элбэгтэй уулын бэл, толгод, хад асгатай уулаар голлон
бэлчээрлэдэг.
Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тоо толгой ихээхэн хэлбэлздэг. Монголд 1970-аад оны сүүлчээр 40 мянга орчим толгой аргаль байсан бол 2001 онд 13-15 мянга болж цөөрчээ. Энэ нь хууль бус ангаас гадна цөл, хээрт задгай ус, бэлчээр бүхий нутагт нь мал бэлчээрлэснээс дайжин зайлж, чоно, ирвэс, шилүүсний идэш болдогтой холбоотой аж.
Иймд 1953
оноос агнахыг хуулиар хориглож, Засгийн газрын 2012 оны тогтоолоор ховор амьтны
жагсаалтад бүртгэн, Монгол Улсын “Улаан ном”, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын
хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад, мөн Монгол Алтай, Хангайн өндөр уул, Говийн
Алтай, Зүүн гарын болон Алтайн өвөр говьд аргалын байршил 6146.4 мянган га
талбай бүхий 5 газрыг улсын тусгай хамгаалалтад авчээ.