Бидний мэдэх амны хаалт хэрхэн өөрчлөгдөж буйг “Zero waste self-expression” үзэсгэлэнгээс харах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-08 17:15:18

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж 3D принтерээр хэвлэж, амны хаалт хийсэн өвөрмөц үзэсгэлэнг "Соёмбо тауэр"-ын үзэсгэлэнгийн танхимд нээлээ.


Үзэсгэлэнгээс бидний мэдэх амны хаалт дараагийн шатанд хэрхэн өөрчлөгдөж байгааг харах боломжтой. Үзэсгэлэнд дэлгэсэн амны хаалтуудыг хүнсний зэрэглэлтэй хуванцараар хэвлэж үйлдвэрлэсэн, PM 2.5 тоос, утааны шүүлтүүртэй, органик цагаан эсгий эмжээртэй, ороолтыг орлохоор дулаахан аж.


“Inmo Studio” компанийн үүсгэн байгуулагч Б.Тэргэл Монголд анх удаа hybrid бүтээгдэхүүнээр амны хаалт хийснийг онцлоод, Энэ нь биет болон биет бус хэсэгтэй. Биет хэсэг нь дахин боловсруулсан хуванцар хог хаягдлыг 3D принтэрээр хэвлэн, код бичээд алгоритм дизайны тусламжтай бүтээл болгосон юм. Харин биет бус хэсэг нь амны хаалтын дэргэдэх QR-ыг уншуулснаар амны хаалтын цаана нуугдах ертөнцийг харах боломжтойг хэлж байлаа.


Тэрбээр, “Амны хаалтын хэлбэрийг өөрөө зураад хийх боломжгүй, компьютерийн кодоор бичиж, дизайн гаргасан, дахин давтагдахгүй шинж чанартай. Ямар ч хог хаягдал гаргахгүй үйлдвэрлэдэг. Амны хаалт бүрд байгаа чипээр мэдээллийг нь аваад виртуал орчны хувцаснаас сонгон туршиж үзэж болно. Мөн хүмүүст виртуал хөрөнгөтэй болох арга замыг нээж байгаа юм. Үзэсгэлэнгээр хуванцар хог дахин боловсруулж, бүтээгдэхүүн хийж болдгийг харуулахыг зорьсон. Амны хаалтаа ирэх оны хоёрдугаар сар хүртэл улам сайжруулахын тулд үйлчлүүлэгчдийнхээ сэтгэгдэл, хариуг сонсох болно. Иргэдийн хэрэгцээнд тааруулаад өөрчлөх боломжтой” хэмээв.


ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “Нээлттэй инновац ба хамтын бүтээл-Монгол 2023” буюу “MICS 2023” хөтөлбөрийн хүрээнд үзэсгэлэнд тавигдаад буй бүтээгдэхүүнийг хийхэд дэмжлэг үзүүлжээ. Хөтөлбөрийг өнгөрсөн наймдугаар сард нээх үеэр Монгол, Япон оролцогчдоос ирсэн 142 төслөөс шилдэг 10-ыг нь сонгож, ирэх оны 2 дугаар сар хүртэл менторинг хөтөлбөрт хамруулж байгаа. ЖАЙКА-гаас шилдгээр шалгарсан “Inmo Studio”, “Hyborg төсөл”-н хуванцар хаягдлыг ашиглан 3D хэвлэх хамтарсан төслийн санал “3D printing with plastic waste”, “Tab Solution Co., LTD” компанийн “Oneday Job” төсөлд тус бүр 2 сая иенийн хэрэгжүүлэлтийн зардал олгожээДээрх 10 баг менторинг хөтөлбөрийн үр дүн, төслийн явцаа танилцуулсан юм.


ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи “Энэ хөтөлбөр нь Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд шинэлэг санаа инновацийг дэмжих, санхүүжүүлэх, тэднийг хөрөнгө оруулагчидтай холбох, ингэснээр Япон, Монгол Улсын түншлэлийг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх олон талын ач холбогдолтой, цогц үйл ажиллагаа болж байгаад баяртай байна” хэмээв.


Хөтөлбөрийн хамтран зохион байгуулагчаар Kайт Монгол ХХК, Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг, дэмжигчээр БШУЯ, ЭЗХЯ, ЦХХХЯ, нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар, ШУТ сан, IT парк зэрэг байгууллага оролцжээ. 

Холбоотой мэдээ