Вируст гепатитын халдвараас сэргийлэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-12-15 22:22:01

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Вируст гепатитын халдвараас сэргийлэх боломжтой гэдгийг ХӨСҮТ-өөс өнөөдөр зохион байгуулсан “Элэгний гепатит вирусээс сэргийлэхэд сэтгүүлчдийн оролцоо” чадавхжуулах сургалтын үеэр тус төвийн Вируст гепатитын тандалт судалгааны тасгийн эмч Ч.Мөнхцэцэг онцлов.


Тэрбээр, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүн амын дийлэнх хувь нь эрт илрүүлэг, шинжилгээнд хамрагдсан. Вирусний халдвар илрүүлсэн тохиолдолд вирусний ачаалал тоолох шинжилгээнд орж, шаардлагатай үед вирусний үйлчилгээтэй эм уудаг. Эмчийн зөвлөсний дагуу иргэд вирусний эсрэг эмийг хугацаанд нь тууштай ууж, эмчилгээг хийлгэх ёстой. Халдвартай хүмүүс вирусний эсрэг эмийг ууснаар цусан дахь вирусний ачаалал бага болоход иргэд вирус устчихлаа гэж ойлгодог. Энэ бол тийм биш юм. Хүний цусан дахь B, C вирус устаж алга болохгүй. Зөвхөн тоологдохгүй хэмжээнд хүрч, намжмал байдалд орно гэсэн үг. B, C вирусний архаг халдвартай хүмүүс эмээ ууж байгаад удаан хугацаанд таслаад 3-5 жилийн дараа эмчид хандахад элэгний хатуурал, хорт хавдрын сүүлийн шатанд шилжсэн тохиолдол гардаг. Тиймээс элэгний  B, C вирусний халдвартай хүмүүс эрүүл мэндийн байгууллага, эмчийн хяналтад байж эмээ ууж, эмчилгээ хийлгэн, шинжилгээг цаг тухайд нь өгөх хэрэгтэй” гэдгийг анхааруулав.


Мөн тэрбээр, “Вируст гепатитын халдвараас сэргийлэх боломжтой. Энэ нь өвөрмөц сэргийлэлт буюу дархлаажуулалт юм. А вируст гепатитын вакциныг 2012 оноос хийж эхэлсэн. Энэ өвчлөл нийт гепатитын дотор 80 хувийг эзэлдэг байсан бол огцом буурсан. В вирусний вакциныг 1992 оноос товлолын дагуу хүүхдэд хийж байна. Ингэснээр В вирусний өвчлөл вакцин тариулсан хүүхдийн дунд бүртгэгдэхээ больсон. Харин насанд хүрэгчид сайн дурын дархлаажуулалтын үндсэн дээр В вируст гепатитын вакцинаар тариулах боломжтой. Өөрийн харьяа сум, өрхийн эмнэлэгт В вирусний эсрэг гурван тунгаар дархлаажуулснаар В вирусннй халдвар болон цаашлаад дельта вирусний халдвараас сэргийлнэ. Ингэснээр A, B вирусний эсрэг халдварыг вакцинаар сэргийлж байна.  E, C гепатит нь өвөрмөц бус сэргийлэлт буюу вакцингүй. Гэхдээ E вирусний халдвар маш цөөн тохиолддог, архаг уршиг нь B, C, дельта вирусний цусаар дамжих  халдвартай харьцуулах юм бол өөр. C вирусний архаг халдвартай хүнийг "Харвони" вирусний эсрэг эмээр эмчилдэг, сайн үр дүнтэй, эерэг мэдээтэй байгаа” гэв.


Монгол Улсад вируст гепатитын A, B, C, E, D гэсэн таван төрлийн вирусээр үүсгэгддэг халдвар бүртгэгддэг. Гепатит A, E вирусний хувьд архагшдаггүй, бага насныхан болон насанд хүрэгчид өвчилсөн тохиолдолд эдгэрдэг. Харин B, C, D вирусээр өвчилсөн тохиолдолд архагших хандлагатай.  Хэдийчинээ архагшиж, удаан хугацаанд эмчлүүлэхгүй явбал тухайн хүний эрүүл мэндэд эрсдэлтэй. Ингэснээр элэгний хатуурал, хорт хавдар үүсэх шалтгаан болдог гэдгийг эмч нар хэлж байна.


ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн хэлэхдээ,  "Гепатитын халдвараас А, В, С вирус манай улсад түгээмэл бүртгэгддэг. Одоо ковидын өмнөх түвшинд бүртгэгдээд явж байна. 2022 оны мэдээллээр, гепатит В вирусний халдварын өвчлөлийн 90 гаруй хувь нь 19-45 насныханд бүртгэгдсэн. Вакцины хамгаалах хугацааг 15-20 жил гэж үздэг. Тэгэхээр зарим хүнд хүүхэд насандаа хийлгэсэн вакцины хамгаалах чадавх буурч байгаа учраас халдвар авах тохиолдол бий. Тиймээс насанд хүрэгчдийг сайн дурын үндсэн дээр гурван тун вакцинаар дархлаажуулах ажил хийгдэж байна” гэв.


ХӨСҮТ-ийн чанарын менежер Б.Энхжаргал хэлэхдээ, “D вирусний эмчилгээний тухайд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу эмчилгээ, оношилгоо хийдэг. 2019 онд Эрүүл мэндийн сайдын 586 тоот тушаалын дагуу В вирусний халдвар болон дельта вирусний хавдрын эмчилгээг хийж байгаа. В вирустэй хүмүүсийн 60 хувь нь D вирусний халдвартай хавсарсан байдаг. Сүүлийн үед дельта вирусний халдвартай хүмүүст эмчилгээ хийж байгаа. Энэхүү эмчилгээ нь өртөг өндөр, өдөр бүр тарьдаг. Эмчилгээний үр дүн 30 орчим хувьтай учраас тэр бүр хийдэггүй, гаж нөлөө ихтэй. D вирусний эмчилгээг элэгний хатуурлын эхэн үед эмчлэхэд үр дүнтэй. Шалгуур үзүүлэлт хангасан тохиолдолд эмчилгээг хийж болно. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн дагуу ЭМД-д оруулах, хөнгөлөлттэй журмаар эмчилгээнд хамруулахын тулд удирдамж зааврыг шинэчлэн боловсруулж байна. Одоогоор батлагдаагүй. Вирусний халдвартай хүнд ядрах, нойр өөрчлөгдөх, нойр хоолонд дургүй болох, гэдэс дүүрэх, цанхайх зовуурь илэрдэг” гэв.


В вируст гепатитаас урьдчилан сэргийлэхийн тулд вакцинаар дархлаажуулах хэрэгтэй. Бага насны хүүхэд товлолын дагуу, товлолын наснаас дээш насныхан, насанд хүрэгсэд  сайн дурын  үндсэн дээр вакцинд хамрагдаж болно гэдгийг эмч нар зөвлөлөө.


Холбоотой мэдээ