С.Энхболд: Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн ч эм тариа тасраагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2023-12-19 13:57:05

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Улирлын томуугийн А хүрээний хэв шинжийн вирус, амьсгалын замын синцитиаль вирус, риновирус ихэвчлэн тархаж бага насны хүүхэд хүндрэх эрсдэлийг нэмж байгааг ЭМЯ мэдээллээ.


Томуугийн тандалтын мэдээгээр 21 аймаг, 8 дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд 8854 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 25.9 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар авсан нь өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 3.8 хувиар нэмэгдэв. Тэдний 91.4 хувь нь 15 хүртэлх, үүнээс 80 хувь нь 0-4 насныхан байна. Сүүлийн 7 хоногт томуу, томуу төст өвчний улмаас 2300 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн нь өмнөх 7 хоногийнхоос 500 гаруй хүүхдээр нэмэгджээ. Иймд тусламж үйлчилгээг сайжруулахаар 1153 ор нэмсэн ч орны ачаалал 112.8 хувьтай байна. Одоогоор эм, тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хүртэл хоногийн нөөцтэй байгаа аж.


Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан Шуурхай удирдлагын баг байгуулан, өвчлөлийн зүй тогтол, хандлага, тархалт, вирусийн хувилбарыг тогтоож, нөөцийн бэлэн байдлыг хангаж, өвчлөлөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, олон нийтийн мэдээллийн сувгаар түгээж байгааг дэд сайд С.Энхболд мэдээллээ. Тэрбээр, “Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэн тул эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах, хүүхдийн тусламж үйлчилгээг тасрлатгүй, чирэгдэлгүй үзүүлэхээр резидент эмч, АШУИС-ийн Сувилахуйн мэргэжлийн төгсөх ангийн оюутнуудыг хүч нэмж ажиллуулж байна. Амбулаторийн тусламж үйлчилгээг уртасгасан цагаар болгож, өрхийн эрүүл мэндийн төвийг амралтын өдрүүдээр ажиллууулах, гэрийн эргэлтийг идэвхжүүлэх зохицуулалт хийж байна” гэв.


Улсын хэмжээнд энэ сарын 4-10-нд амбулаториор 274 мянга гаруй хүн үйлчлүүлсний 7.1 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн нь өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар их, харин өмнөх оны мөн үеийнтэй харьцуулахад 1.2 хувиар бага байв. Түргэн тусламжийн дуудлагын 23.7 хувийг томуу, томуу төст өвчин ээлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийнхоос 4.5, өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувиар нэмэгдсэн аж.


Томуугийн эсрэг вакцинд 2-5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн ээжүүд, 65 болон түүнээс дээш насныхан, архаг хууч өвчтэй хүн, эрүүл мэнд, хүчний байгууллагын ажилчид зэрэг эрсдэлт бүлгийн хүн амын 91.7 хувийг хамруулжээ. 

Холбоотой мэдээ