“Бөртө чоно” хүртсэн спортын шилдэг бүтээн байгуулалт

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-21 15:12:01

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн бэлтгэлийн төв нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Баруун Дэлгэрийн аманд байрладаг бөгөөд 5000 ам.метр талбай бүхий өөрийн эзэмшлийн газартаа 1000 ам.метр бүхий хоёр давхар барилгыг барьж халаалт, хэрэглээний халуун усыг 100 хувь байгальд ээлтэй байдлаар шийдвэрлэж өгсөн байдаг.

Энэхүү бүтээн байгуулалт нь 2021 оны зургаадугаар сард анх ашиглалтад орсон, Азийн хөлбөмбөгийн холбоо мөн ОУХБХ-ны санхүүжилтээр баригджээ.


Энэ нь Монголын хөлбөмбөгийн ирээдүйд чухал хувь нэмрээ оруулсан бодит бүтээн байгуулалт болж чадсан нь үнэлэгдэж "Бөртэ чоно 2023" МҮОХ-ны тэргүүн дээд шагналд "Шилдэг бүтээн байгуулалт"-аар нэрлэгдсэн байна.


Энэ талаар МХБХ-ны ерөнхийлөгч М.Болд “Монголын хөлбөмбөгийн холбоо ОУХБХ-ны дэмжлэгтэйгээр хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг гол төсөл нь "AirDom" төсөл юм. 2016 оноос үе шаттайгаар хэрэгжээд 2023 онд бид бүхэн төслийнхөө гүйцэтгэлийг хийж дуусгаж байна. Ингэснээр багийн спортыг түгээн дэлгэрүүлэх, тэр дундаа дөрвөн улиралтай манай Монголын нөхцөлд өвлийн цагт тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх, манай Хөлбөмбөгийн холбооны үндэсний шигшээ багууд болон бусад лигийн багийн тамирчид бэлтгэл хийх боломжийг бий болгож байгаагаараа онцлогтой” гэсэн бол Монголын хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Отгон-ӨлзийЭнэ төв баригдаагүй байхад Монголын хөлбөмбөгчид, шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийнэ гээд Азийн өөр улс орнууд руу нэг групп гарахад л 30-40 хүн явдаг. Тэр хүмүүсийн онгоцны зардал, хоол хүнс, зочид буудал гээд маш их төсөв зарцуулагддаг байсан. Тэр төсвийг Монгол Улсдаа үлдээж чадсанаараа МХХ төсвөө хэмнэж чадаж байгаа тийм шийдэл болж өгсөн. Мөн төсвөө хэмнэхээсээ илүүтэйгээр Азийн бусад шигшээ багийн тамирчид энэ төв дээр хүрч ирж байрлан бэлтгэл хийгээд европ руу очиж тоглох тэр дундын бүс нь болж чадсандаа Азид болон Монголдоо номер нэг бүтээн байгуулалт болж чадсан” гэлээ.


Жилийн 4 улиралд ашиглах боломжтой бэлтгэлийн төв буюу Эйрдомд хөлбөмбөгийн тэмцээн, шигшээ багуудын бэлтгэл, олныг хамарсан арга хэмжээ, спортын бусад тэмцээн уралдааныг зохион байгуулах боломжтой юм.

 

Холбоотой мэдээ