2023 он: МОНЦАМЭ онцолж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-12-31 09:24:03
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Монгол Улсын 2023 оны онцлох үйл явдлуудаас нэрлэж байна.


1.770 жилийн түүхэн харилцаа Ерөнхийлөгч нарын айлчлалаар баяжлаа

Өдгөөгөөс 770 жилийн өмнө буюу 1253 онд Францын Людвиг IX хааны элч Гийом дө Рубрук Их Монгол Улсын нийслэл Хархорум хотноо хүрэлцэн ирж, Чингис хааны ач хүү Мөнх хаанд бараалхсанаар хоёр орны харилцааны эхлэл тавигдаж байсан түүхтэй. 2023 он бол Монгол-Францын энэхүү түүхэн харилцаа шинэ агуулгаар баяжсан жил байлаа. Тодруулбал, 2023 оны 5 дугаар сард Франц улсын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсад, 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчилсныг оны онцлох үйл явдлаар нэрлэж байна. 


Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 58 жилийн хугацаанд Европын Холбоо дахь Монголын ойрын түнш бөгөөд гуравдагч хөрш болох Францын талаас манай улсад төрийн тэргүүний түвшинд айлчлал хийж байгаагүй тул Ерөнхийлөгч Э.Макроны айлчлалыг судлаач ажиглагчид “түүхэн айлчлал” гэж тодорхойллоо.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал ч Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Франц Улсад анх удаа хийсэн төрийн айлчлал гэдгээрээ онцлог юм. Түүний айлчлалын явцад Францын баялаг их түүхийн өлгий болох Версалийн ордны Хааны дуурийн театрт Монгол Улсын Морин хуурын чуулгын найрал хөгжим анх удаа эгшиглэж, Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” түүхэн үзэсгэлэн нээлтээ хийсэн нь хоёр орны соёл, түүхийн харилцаанд шинэ хуудсыг нээж, Францад төдийгүй Европ дахинд Монгол Улсыг таниулан сурталчлахад жинтэй үүрэг гүйцэтгэлээ.


2023 онд ганцхан жилийн дотор хоёр улсын төрийн тэргүүн нар харилцан айлчилсан нь Европын Холбооны бодлогыг тодорхойлогч хоёр гол хөдөлгүүр хүчний нэг Франц улс Европ тив дэх Монгол Улсын нэн ойрын чухал түнш болсныг илтгэн харуулж байна. 


2.Пап Францис Монголын тал нутгаас дэлхий дахинд энх тайвныг уриалав

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис 2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийж, Монголын тал нутгаас даян дэлхийд хандаж энх тайвныг уриалсан нь улирч буй оны онцлох үйл явдлын нэг байлаа. 


Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис, Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж, зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай хэмээн ерөөл өргөлөө.


Ийнхүү Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, дэлхийн 1.4 тэрбум орчим католик шашинтны оюун санааны удирдагч Пап Францис Монгол Улсад айлчилж, дэлхий дахинаа "Монголын их амар амгалан" буюу PAX MONGOLICA-г сануулж, дайн дажин, зөрчил мөргөлдөөнөө зогсоож, энх тайвнаар зэрэгцэн оршихыг уриалсан юм. Айлчлал дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд Монгол Улсыг оруулж, "Пап Францис Монгол Улсад айлчлах үеэрээ “Монголын их амар амгалан”-г цогцлоохыг дэлхий дахинд уриаллаа" хэмээн мэдээлж байв.


Тэртээ 777 жилийн өмнө буюу 1246 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Ромын папын элч Плано Карпини Их Монгол Улсын гуравдугаар хаан Гүюг хаанд Хархорум хотын ойролцоо бараалхаж, Пап IV Иннокентийн албан бичгийг гардуулаад, улмаар Их хааны хариу бичгийг аваад буцсан түүхтэй. Эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж байдаг энэхүү албан бичгийн дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ бэлэг болгож, уг бэлэг хоёр орны өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай хэмээв. 


3.СОР28 ба Монгол Улсын оролцоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Дубай хотод 2023 оны 12 дугаар сарын 1-2-нд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын COP28 Бага хурлын хүрээн дэх дэлхийн улс орнуудын удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх талаар Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.


Монгол Улс газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс үүдэн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй 10 орны нэг болсон. Ийм учраас Монгол Улсын төрийн тэргүүн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурлуудын ач холбогдлыг үнэлж, түүнд гурав дахь жилдээ дараалан оролцсон нь энэ байв. 


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, орчин үеийн техник технологи хүний амьдралд гүнзгий нэвтрэхийн хэрээр хүүхэд залуучууд амьд байгалиас холдож байгаа тул үр хүүхдүүдээ эх байгалиа хайрлан хамгаалдаг дэлхийн иргэн болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах нь чухал байна гэдгийг тэмдэглэлээ. Мөн “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны өртөг өндөр, транзит улс орнуудаас хамаарал ихтэй зэрэг олон сорилттой тулгарч байдгийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа тул эмзэг, өртөмтгий улс орнуудад тусламж үзүүлэх зорилго бүхий “Алдагдал, хохирлын сан”-гийн үйл ажиллагааг эхлүүлэх нь чухал” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн, Монгол Улс 2024 онд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын асуудлыг хэлэлцэх зорилгоор “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гэсэн хоёр том арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгааг уламжилж, улс орнуудыг эдгээр арга хэмжээнүүдэд өргөнөөр оролцохыг уриаллаа. 


Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хүрээнд 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсан төдийгүй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулж, эдгээр орнуудын хөгжлийн бодлого боловсруулах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа юм. 


4.Япон Улстай “хүн төвтэй” хамтын ажиллагааг хөгжүүлж, Монгол, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар 2023 оны гуравдугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийлээ.


Энэхүү айлчлал нь Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд 2017 оноос хойш 6 жилийн дараа хэрэгжсэн, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтой байв.


Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн уг айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, “Гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгч, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм.


Үүний зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин 2023 оны 9 дүгээр сарын 23-25-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь мөнхийн хөрш хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цаашдын замын зургийг тодотгосон онцлох үйл явдал боллоо. 


Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, зам тээвэр, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулав.


Шинээр үүсгэн байгуулсан парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс нь цаашдын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, шинэ арга механизмуудыг бий болгохын зэрэгцээ парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, мөнхийн хөрш хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнө эртний уламжлалыг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг Талууд тэмдэглэж байна. 


5.БНХАУ-тай боомтын төмөр зам, УЦС-ын төслүүдийг эхлүүлэхээр тохирч, АНУ-тай стратегийн замын зураглалыг шинэчлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд өмнөд хөрш БНХАУ болон гуравдагч хөрш АНУ-д албан ёсны айлчлал хийж, хамтын ажиллагааны цаашдын зарчмаа ярилцаж тохиолцсон нь оны онцлох үйл явдалд зүй ёсоор нэрлэгдэж байна.


Тэрбээр БНХАУ-ын талтай олон жил хамтын ажиллагааны хүрээнд яригдсан ч эцэслэн шийдвэрлэгдэхгүй явж ирсэн асуудлууд, тэр дотроо хилийн боомтуудын төмөр замуудын холболт, усан цахилгаан станцын төсөл зэргийг 2023 онд багтаан шийдвэрлэж, ажлыг эхлүүлэх, улмаар 2024 оныг хоёр талын хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээсэн жил болгох талаар ярилцаж тохиролцсон юм. Айлчлалын мөрөөр хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран хилийн боомтуудыг холбох ажлыг үргэлжлүүлж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг 2024 онд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 


Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалынхаа хүрээнд Монгол Улс, АНУ Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн замын зураглалыг шинэчлэн байгуулсан нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг тодотгож, эдийн засгийг төрөлжүүлэх, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн судлаачид үзэж байна. Түүнчлэн хоёр улсын хооронд Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэх тохиролцоонд хүрлээ. 


 “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл”-д, хоёр орны харилцаа нь нийтлэг зарчим, сайн засаглалыг дээдлэх, бүрэн эрхт байдал, хууль дээдлэх, хүний эрхийг дээдлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогод тулгуурлан хамгийн дээд түвшинд хөгжиж байна хэмээн дүгнэжээ. 


6.Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоолоо


Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Бүгд Найрамдах Ботсвана Улсын Гадаад хэргийн сайд Лемоганг Квапе нар дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Нью-Йорк хотноо 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурснаар Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтыг бүрэн хэрэгжүүлж, нийт 192 гишүүн улстай дипломат харилцаа тогтоолоо.


НҮБ-ын гишүүн бүх улс оронтой дипломат харилцаа тогтоох нь дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд хөгжиж буй орнуудад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах, улмаар бүс нутаг, дэлхийн чанартай асуудлаар олон талт шугамаар санал санаачилга гаргах, хамтын хүчин чармайлтаа нэгтгэх, хөгжлийн туршлагаа хуваалцах, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах үйлсэд чухал ач холбогдолтой юм хэмээн Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тодотгож байна.


7.“Оюутолгой”-н далд уурхай ашиглалтад орж, цар тахлын дараах Монголын эдийн засаг сэргэж эхэллээ

Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх нөөц, хүчин чадал бүхий “Оюутолгой”-н далд уурхайг 2023 оны 3 дугаар сард нээж, зэсийн олборлолтыг эхлүүллээ. Ингэснээр газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэж байгаа юм. Далд уурхай нь ирэх 5 жилд дунджаар 350 мянган тонн зэс олборлох бол 2028-2036 онд олборлолтын хэмжээг 500 мянган тоннд хүргэхээр төлөвлөж байна. 


Оюутолгойн гүний уурхай нь 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт бөгөөд энэ оны гуравдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн улирлынхтай харьцуулахад 16 хувиар өсжээ.


Ер нь улирч буй 2023 он бол Монголын эдийн засагт дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараах хурдацтай сэргэлт эхэлсэн жил байлаа. 2023 онд Монгол Улсын төсвийн алдагдал 60 хувиар буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэн, экспорт, гадаад худалдааны тэнцэл эерэг гарч байна. 2022 онд 4 хувь орчимд байсан эдийн засаг 2023 онд 7 хувьд хүрч өслөө. Улмаар Монголын эдийн засаг 2024 онд 7.5 хувьд хүрч өсөх төлөвтэй байна. Мөн Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2023 онд 4.3 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш тогтворжлоо.


Эдийн засгийн сэргэлтэд зэс, алт, нүүрсний экспорт, аялал жуулчлалын салбарын сэргэлт гол нөлөө үзүүлжээ. Тухайлбал, Монгол Улс 2023 оны төсөвт 50 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон ч оны эхний 11 сарын байдлаар нүүрсний экспортын хэмжээ 60 сая тоннд хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 10 сая тонноор нэмэгдсэн нь түүхэн дээд амжилт болоод байна.


8.Монголчуудын хийморь болсон Морин хуурын чуулгад “Чингис хаан” одон хүртээв

Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгыг Монгол төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнасан нь 2023 оны онцлох үйл явдалд зүй ёсоор бичигдэж байна. 


Морин хуур хөгжмийг 2003 онд ЮНЕСКО “Хүн төрөлхтөний бүтээсэн биет бус оюуны соёлын өв” хэмээн өргөмжлөн тунхагласан. Монголчуудын бахархал, хөгжмийн дээд бэлгэ тэмдэг болсон үндэсний хөгжмийнхөө гайхамшигт аялгуу эгшгийг дэлхийн хүн төрөлхтөнд түгээн сурталчилж, Монголын урлагийн түүхэнд тод гавьяа байгуулж яваа Морин хуурын чуулгаа Монгол төрийн тэргүүн, “Төр, нийгмийн өмнө үнэмлэхүй гавьяа байгуулсан” хэмээн хүндэтгэж төрийн тэргүүн дээд “Чингис хаан” одонгоор ийн шагнасан юм. 


Морин хуурын чуулга нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1992 онд байгуулагдсанаас хойш 31 жилийн хугацаанд эх орондоо бүрэн хэмжээний 5000 гаруй, дэлхийн 30-аад орны тайзнаа 600 гаруй тоглолт хийсэн байна. Тухайлбал, АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”, НҮБ-ын танхим, ЮНЕСКО-гийн танхим, Парис хотын Версалийн Хааны ордны дуурийн театр, Австрийн Вена хотын филармони, ОХУ-ын Большой театр, Мариинский театр, БНХАУ-ын “Үндэсний их театр” буюу “Сувдан театр”, Японы эзэн хааны ордон болон Токио хотын NHK Hall, Австралийн Сиднейн дуурийн театр зэрэгт тоглолтоо толилуулж, үндэсний өв соёлоо сурталчлан таниулжээ. 


9.“Монголын энхтайван ба түүхэн туршлага” сэдвээр Олон улсын монголч эрдэмтэд чуулав

Анх Улаанбаатар хотноо 1959 онд зохион байгуулагдсан “Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал”-аас үүдэлтэй Олон улсын монголч эрдэмтний XII их хурал 2023 оны наймдугаар сарын 9-14-нд Улаанбаатар хотноо болж, дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаач оролцлоо.


“Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор болсон уг их хурал:

1.Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн монголчууд

2.Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе

3.Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз 

4.Монголын гадаад ертөнц ба харилцаа

5.Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл

6.Залуу монголч судлаачид зэрэг салбар хуралдаан хийж, АНУ, БНСУ, Их Британи, Казахстан, Канад, ОХУ, Польш, Турк, Унгар, Герман, Хятад, Япон, Киргиз, Чех, Австрали, Швейцарь, Тайвань, Норвеги, Итали, Дани зэрэг 20 гаруй орны 307 эрдэмтний илтгэлийг хэлэлцлээ. Мөн залуу монгол судлаачдыг дэмжих хүрээнд зохион байгуулсан дэд салбар хуралдаанд 59 залуу монгол судлаач илтгэл тавьж оролцлоо. 


Их хурлын үеэр эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвисан, Монголын утга зохиол, соёлын үнэт дурсгал, эх бичгийг дэлхий нийтийн хүртээл болгоход онцгой хувь нэмэр оруулсан монгол судлаачдад Их эрдэмтдийн нэрэмжит шагналыг гардуулж, олон улсын монгол судлаачдыг алдаршуулсан “Монголч эрдэмтэд” шуудангийн марк, дугтуйны нээлтийг хийв. 


Өдгөө олон улсын хэмжээнд монгол судлалын чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ явуулж буй 23 төв, Төв Ази, Евроази, Дотоод Ази зэрэг судлагдахууны хүрээнд хавсарга судалгааны ажил эрхэлж буй 20 төв, нийт 43 төв, салбар ажиллаж байна.


10.“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам дэлхийн хэмжээний арга хэмжээг зохион байгуулах үүдийг нээв 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны 8 дугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг амжилттай зохион байгууллаа.


Монгол Улсад анх удаа жүдо, чөлөөт бөх, волейбол, 3х3 сагсан бөмбөг, хөлбөмбөг, сагсан бөмбөг, таеквондо, бокс, хөнгөн атлетик, e-sport зэрэг 11 спортын 12 төрлөөр зохион байгуулсан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд бүс нутгийн Үндэсний олимпын 7 хорооны 800 гаруй тамирчин өрсөлдлөө.


Манай улс электрон спорт, чөлөөт бөх, боксын төрлийг санал болгосныг Зүүн Азийн олимпын хороодын зөвлөл дэмжиж, наадмыг 11 спортын 12 төрлөөр зохион байгуулж, БНХАУ-ын баг, тамирчид 38 алт, 32 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүллээ. Мөн Япон, БНСУ, Тайванийн баг, тамирчид удаах байруудад шалгарсан бол Монгол Улсын баг, тамирчид 3 алт, 13 мөнгө, 28 хүрэл, нийт 44 медаль хүртсэн амжилтаар 7 үндэсний олимпын хорооноос 5-р байрт шалгарлаа.


“Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд 1200 гаруй сайн дурын ажилтан, 130 орчим олон улсын зэрэглэлийн шүүгч, техникийн ажилтан ажилласан юм.


Монгол Улс "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмыг эх орондоо зохион байгуулснаар цаашид тив, дэлхийн хэмжээний наадмыг эх орондоо зохион байгуулах туршлага хуримтлуулж, спортын ертөнцөд дараа дараачийн наадмыг хүлээж авах боломжоо нээж байгаа юм. 


Холбоотой мэдээ