АРХАНГАЙ: Сүрэгт ямааны эзлэх хувь 26.1 нэгж хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-02 11:10:21

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 4.8 сая толгой мал тоолууллаа.


2015 онд 4.5 сая толгой мал тоолуулж байсан бол 2016 оноос хойш өсөлттэй байсан мал сүрэг ийнхүү 4.8 сая болж буурчээ. Үүнд өмнөх жилийн хатуу өвөл, хаврын бод, бог малын хорогдол, энэ жилийн цас зуднаас урьтаж хэрэгцээлсэн малын тоо зэрэг нь малын тоо цөөрөхөд нөлөөлсөн байна.


Энэ жилийн тухайд таван хошуу малын тоо тус бүр 4.2-22.2 хувиар буурсан үзүүлэлттэй. Үүний дотроос хамгийн их тоогоор буурсан нь хонь, ямаа байна. 


Мөн сүүлийн 33 жил сүрэгт ямааны эзлэх хувь 26.1 нэгж хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, 1970 онд сүргийн бүтцэд ямаа 165.6 мянган толгой, 1990 онд 190.7, 2023 онд 1,264.500 болж өссөн байгаа юм.


Харин өнгөрсөн оны тооллогын дүнгээс үзвэл сүргийн бүтцэд ямааны эзлэх хувь 0.1 хувиар буурсан байна.


Малтай өрхийн тоо 19.8 мянга болж өмнөх оноос 0.1 мянгаар буурсан бол малын тоогоор бүлэглэж үзэхэд 1000-аас дээш малтай өрх 0.5 мянгаар буурч, 50 хүртэлх малтай өрх 0.6 мянга, 51-200 малтай өрх 0.6 мянгаар өсжээ.

Холбоотой мэдээ