Улс төрийн намыг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох, тараах хэлбэрээр хуульчилжээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2024-01-09 12:28:06

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж улс төрийн намын тухай хуульд чиг үүргийг нь тодохойлжээ. 

 

УИХ 7 дугаар сарын 7-нд Улс төрийн намуудын тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ баталсан. Энэ хуулийг 2024 оны 1 дүгээр сарын 1-ээс мөрдөж эхэлсэн. Үндсэн хуульт байгуулал, ардчилсан тогтолцооны зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд улсын хэмжээний бодлого дэвшүүлэн улс төрийн нам төрийн бүх шатны сонгуульд оролцоно. Төрийн сонгуульд оролцож байгаагийн хувьд улс төрийн намын тухай хуульд намуудын хэрэгжүүлэх чиг үүргийг дараах байдлаар хэлбэршүүлжээ.

  • Иргэдийн улс төрийн хүсэл зориг, олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх /4.2.1/;
  • Төр, иргэдийн хооронд байнгын, тогтвортой, идэвхтэй холбоо харилцаа үүсгэх /4.2.2/;
  • Иргэдийн улс төрийн боловсрол, идэвхтэй оролцоог хөхиүлэн дэмжих /4.2.3/;
  • Төрийн улс төрийн алба хаах, хариуцлагатай иргэнийг бэлтгэх /4.2.4/;
  • Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцох /4.2.5/;
  • Сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх /4.2.6/.

Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль тогтоомж болон тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй. Намд эвлэлдэн нэгдэх иргэний эрхийг доорх байдлаар оруулсан байна.

  • Аль нэг намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд иргэнийг аливаа хэлбэрээр мөрдөн мөшгөх, заналхийлэх, дарамтлах, ялгаварлан гадуурхахыг хориглоно /5.2/.
  • Намын гишүүн төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдвол уг албыг хаах хугацаанд намын гишүүнээс түдгэлзэнэ /5.3/.
  • Иргэнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр, эсхүл албадан намд элсүүлэх, шахалт үзүүлэхийг хориглоно /5.4/.
  • Хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, давуу байдал олгох үндэслэл болохгүй /5.5/.
  • Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хувийн байдлыг тодорхойлсон албаны баримт бичигт тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр аль нэг намын гишүүн болох талаар тодорхойлохыг хориглоно /5.6/.
  • Намын гишүүнээс гарах тухай өргөдлийг гаргаснаар намаас гарсанд тооцно /5.7/.

Төр, иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүрэгтэй, тодруулбал:

  • Хуулиар зөвшөөрсөн хязгаарлалт нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол зэргээр нь ялгаварлан гадуурхаж үл болно /5.10/.
  • Хуульд өөрөөр заагаагүй бол намын зүгээс төрийн байгууллага, албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохыг хориглоно /5.11/.
  • Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож үл болно /5.12/.
  • Гадаадын иргэн, харьяалалгүй хүн нам үүсгэн байгуулах, гишүүнээр элсэхийг хориглоно /5.13/
  • Нам татан буугдсан, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдгийг шинээр байгуулагдах болон өөр бусад нам 12 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно /6.6/.
  • Намаас бусад хуулийн этгээд өөрийн оноосон нэрд “нам” гэсэн үг хэрэглэхийг хориглоно /6.7/.
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар намын нэрийн санг хөтөлж, лавлагаа олгоно /6.8/.

 УИХ хуралд суудалтай намуудын зохицуулалт

УИХ-ын сонгуульд тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн бүхий нам, эвслийг УИХ-д суудал бүхий нам гэж ойлгоно. Харин дараах тохиолдолд УИХ-д суудал бүхий намд тооцохгүй. Тухайлбал:

  • Улсын Их Хуралд төлөөлөлгүй болсон 7.3.1;
  • Нам татан буугдсан 7.3.2.  

Улсын Их Хуралд суудал бүхий намын эрх мэдлийг доорх байдлаар тодорхойлжээ.

  • Монгол Улсын Ерөнхийлөгчид нам дангаараа буюу хамтран нэр дэвшүүлэх /7.4.1/;
  • Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон бодлогын талаарх асуудлыг УИХ дахь намын бүлгээрээ, хэрэв намын бүлэггүй бол УИХ-ын гишүүнээрээ дамжуулан УИХ-д оруулах /7.4.2/;
  • Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх санал тавих /7.4.3/;
  • Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан Улсын Их Хурлын чуулганы нээлтийн ажиллагаанд улс орны бодлогын асуудлаар байр сууриа илэрхийлэх /7.4.4/.        

Улс төрийн нам Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх тодорхой үүрэгтэй. Тодруулбал удирдах дээд, төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллага байгуулахдаа хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, цөөнхийн саналыг хэлэлцэх боломж олгож хүндэтгэн үзнэ. Тодорхой асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх боломжтой. Намын дүрэм, хөтөлбөрийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах болон сонгуульд нэр дэвшигчийг санал болгоход намын гишүүдийн оролцоог хангаж, саналыг сонсоно. Нам бодлого, үйл ажиллагаандаа эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн төлөөлөл, оролцоог хангаж ажиллана.


Намын үйл ажиллагааг цахимаар явуулах, ил тод байдлыг хангах

Улс төрийн намын дүрэм, хөтөлбөр, бусад журам, санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг ил тод, нээлттэй байлгаж, нийтэд тогтмол мэдээлэх, мэдээлэл авах боломжоор хангана. Бүх шатны байгууллагын хуралдаан, санал хураалт, сургалт, зөвлөгөөн, гишүүн элсүүлэх, гишүүний татвар хураах, хандив цуглуулах болон бусад ажиллагаа, нийгэмд болон гишүүдэд чиглэсэн арга хэмжээг аюулгүй байдлыг хангасан программ хангамж ашиглан намын дүрэмд заасны дагуу цахимаар явуулж болно. Энэ талаар уг хуульд:

  • Нам цахим хуралдаан, санал хураалтыг зохион байгуулахдаа цахим системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах боломжит арга хэмжээг авах бөгөөд нууц санал хураалтыг цахимаар явуулсан тохиолдолд түүний нууцлалыг алдагдуулахгүй /9.4/.
  • Нам албан ёсоор нийтэд зарласан цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягтай бол тэдгээрийг Харилцаа холбооны зохицуулах хороо, сонгуулийн төв байгууллагад бүртгүүлнэ /9.5/ гэсэн тодорхой заалт оржээ.

Цахим хуудастаа дараах баримт бичиг, мэдээллийг ил тод, байршуулж, тухай бүр шинэчилнэ. Тухайлбал:

  • намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдэг /9.6.1/;
  • намын дүрэм /9.6.2/;
  • намын хөтөлбөр /9.6.3/;
  • намын сонгуулийн мөрийн хөтөлбөр /9.6.4/;
  • намын гүйцэтгэх төв байгууллага оршин байгаа хаяг /9.6.5/;
  • намын даргын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр /9.6.6/;
  • намын ерөнхий нарийн бичгийн дарга, санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтны овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр /9.6.7/;
  • намын удирдах дээд, төлөөллийн төв, гүйцэтгэх болон хяналтын төв байгууллагын дарга, гишүүний овог, эцэг /эх/-ийн болон нэр, өөрийн нэр /9.6.8/;
  • намын утасны дугаар, цахим шуудангийн хаяг /9.6.9/;
  • намын гишүүний тоо /9.6.10/;
  • намын болон харьяа байгууллагын санхүүгийн тайлан /9.6.11/;
  • намын үйл ажиллагааны товч тайлан /9.6.12/;
  • нам аймаг, сум, нийслэл, дүүрэгт салбар нэгжтэй бол тэдгээрийн нэгжийн даргын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр /9.6.13/;
  • намын бүтэц, зохион байгуулалт /9.6.14/;
  • намын үйл ажиллагааны мэдээлэл 9.6.15;

Нам дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно

  • Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэлд ноцтой аюул учруулах /10.1.1/;
  • Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах аливаа үйл ажиллагаа явуулах /10.1.2/;
  • Зэвсэглэх, эсхүл цэрэгжих, цэрэгжсэн бүтэцтэй болох, зорилгоо хүчирхийллийн замаар гүйцэлдүүлэх үйл ажиллагаа явуулах /10.1.3/;
  • Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол зэргээр нь ялгаварлан гадуурхах /10.1.4/;
  • энэ хуулийн 34.6-д хориглосон этгээдээс хандив, тусламж, санхүүжилт шууд болон шууд бусаар авах /10.1.5/;
  • Сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн, дэмжигчээсээ барьцаа, дэнчин болон бусад аливаа хэлбэрээр мөнгө болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ өгөхийг шаардах, авах /10.1.6/;
  • Намаас бусад байгууллага, хуулийн этгээдийн бүтэц, үйл ажиллагааны хүрээнд намын салбар, нэгж байгуулах /10.1.7/;
  • Шашны, цэргийн болон цэрэгжсэн, түүнчлэн гадаад улсын намын салбар нэгжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулахыг хориглоно /10.2/.
  • Энэ хуулийн 10.1.7-д заасан зөрчлийг арилгах шаардлагыг сонгуулийн төв байгууллага намд үндэслэл бүхий хугацаа зааж хүргүүлэх бөгөөд заасан шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд уг зөрчлийг арилгах хүртэл сонгуульд намын нэрээ дэвшүүлэн оролцох эрхийг түдгэлзүүлнэ /10.3/.

Намыг идэвхгүйд тооцох

Улсын дээд шүүх сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн дараах тохиолдолд намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэрийг гаргана /21.1/:

  • Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй /21.1.1/.;
  • Энэ хуулийн 37.2-т заасан үүргээ зөрчин 2 хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй /21.1.2/;
  • Намын удирдах дээд байгууллагыг, эсхүл төлөөллийн төв байгууллагыг 5 таван жилийн хугацаанд хуралдуулаагүй /21.1.3/.

УИХ-ын болон бүх шатны ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй. Мөн дараалан хоёр жил санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй. Зөрчлөө арилгасан талаар холбогдох нотлох баримтыг сонгуулийн төв байгуулагд хүргүүлээгүй намыг идэвхгүйд тооцно. Ийм хэлбэрт шилжсэн тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсоохоор хуульчилжээ. Уг нам гаргасан зөрчлөө арилгах хүртэл бүх шатны сонгуульд оролцох эрхгүй. Энэ бол улс төрийн намд тавсан хориг болохоос улс төрчид хамаарахгүй. Сонгуульд орох эрхгүй намын гишүүн бүх шатны төрийн сонгуульд бие даан нэр дэвших эрхийг нээлттэй үлдээжээ.


Улс төрийн намын бүтэц, зохион байгуулалт

  • Нам нь намын удирдах дээд байгууллага, төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага болон хяналтын байгууллагатай байна /16.1/.
  • Намын бүтцийн нэгжийг намын дүрмээр зохицуулах бөгөөд энэ хуулийн 16.1-д зааснаас бусад байгууллагыг намын дүрмээр байгуулж болно /16.2/.

 Улс төрийн намын удирдах байгууллага

  • Намын гишүүдийн, эсхүл тэдгээрийн төлөөлөгчдийн хурал нь намын удирдах дээд байгууллага мөн бөгөөд түүнийг дөрвөн жилийн хугацаанд нэгээс доошгүй удаа хуралдуулна /17.1/.
  • Намын удирдах дээд байгууллага дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ /17.2/:
  • Намын дүрэм, хөтөлбөрийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах /17.2.1/;
  • Намын төлөөллийн төв байгууллагын бүрэлдэхүүнийг дөрвөн жилээс илүүгүй хугацаагаар сонгох, эсхүл батламжлах, хяналтын байгууллагын бүрэлдэхүүнийг дөрвөн жилээс илүүгүй хугацаагаар сонгох, эдгээр байгууллагын тайланг дөрвөн жилийн хугацаанд нэгээс доошгүй удаа хэлэлцэх /17.2.2/;
  • Намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох /17.2.3/;
  • Намын дүрэмд заасан бусад асуудал /17.2.4/.
  • Нам нь намын удирдах дээд байгууллагын чөлөө цагт ажиллах намын төлөөллийн төв байгууллагатай байх бөгөөд түүнийг жил тутам нэгээс доошгүй удаа хуралдуулна /17.3/.
  • Намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь санал гаргавал намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно. Энэ нэмэлт, өөрчлөлт нь намын дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй байна /17.4/.
  • Намын дүрэмд заасны дагуу намын удирдах дээд байгууллага, эсхүл төлөөллийн төв байгууллага нь намын гүйцэтгэх төв байгууллагыг дөрвөн жилээс илүүгүй хугацаагаар сонгоно. Гүйцэтгэх төв байгууллага нь гурваас доошгүй тооны гишүүнтэй байна /17.5/.
  • Намын дүрэмд заасны дагуу намын даргыг удирдах дээд байгууллага, эсхүл төлөөллийн төв байгууллага, санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтныг гүйцэтгэх төв байгууллага тус тус сонгоно /17.6/.
  • Намын төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна /17.7/.

Улс төрийн намын хяналтын байгууллага

  • Нам нь намын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, намын дүрмээр зохицуулах дотоод маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий хяналтын байгууллагатай байна /18.1/.
  • Намын хяналтын байгууллагын гишүүнээр намын төлөөллийн байгууллага болон гүйцэтгэх төв байгууллагын гишүүн, орон тооны ажилтныг сонгохыг хориглоно /18.2/.
  • Намын хяналтын байгууллага хараат бусаар ажиллах бөгөөд түүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно /18.3/.
  • Намын хяналтын байгууллага дараах маргааныг хянан шийдвэрлэж, шийдвэртээ үндэслэлээ тодорхой бичнэ /18.4/:
  • Намын дүрэм зөрчсөн эсэх /18.4.1/;
  • Нам болон түүний гишүүн хооронд үүссэн /18.4.2/;
  • Намын дотоод сонгуультай холбогдон үүссэн /18.4.3/;
  • Намын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой /18.4.4/.
  • Энэ хуулийн 18.4-т заасан маргааныг хянан шийдвэрлэх журмыг намын дүрэмд заасны дагуу батална. Энэ журам нь маргагч талаас тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, маргааныг шийдвэрлэх хуралдаанд биечлэн оролцох зэргээр шударгаар хянан шийдвэрлүүлэх эрхийн баталгааг хангасан байна /18.5/.

Улс төрийн намын бусад байгууллага

  • Намын бодлого боловсруулахад зөвлөх, судалгаа хийх, намын гишүүдийг сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүрэг бүхий бодлогын судалгааны байгууллага намын дэргэд ажиллана /19.1/.
  • Намын бодлогын судалгааны байгууллага сангийн хэлбэртэй байж болох бөгөөд үйл ажиллагаа, санхүүгийн тайланг энэ хуульд заасан журмын дагуу тайлагнах үүрэгтэй /19.2/.
  • Энэ хуульд заасан намын бүтэц, зохион байгуулалтаас гадна нийгэм, эдийн засгийн болон бусад салбарын бодлогын асуудлаар зөвлөлдөх, намын бодлого, үйл ажиллагаа нь хүний эрх болон жендэрийн эрх тэгш байдалд нийцэж байгаа эсэхийг үнэлэх зэрэг чиг үүрэгтэй бүтцийн нэгж байгуулах эсэхийг нам дүрмээрээ зохицуулж болно /19.3/.
  • Нам Монгол Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгох ажлыг зохион байгуулах хороотой байж болно. Хорооны бүрэлдэхүүнд тавих шаардлага, түүнийг байгуулах, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах болон үйл ажиллагааны журмыг энэ хуулийн 8 дугаар зүйл, намын дүрэмд нийцүүлнэ /19.4/.
  • Монгол Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгохдоо энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.3-т заасныг баримталж, тухайн албан тушаалыг хаших ёс зүйн болон хууль тогтоомж, холбогдох журмаар тогтоосон бусад шаардлагад үндэслэнэ /19.5/.
  • Энэ хуулийн 19.4, 19.5-д заасан журмыг намын төлөөллийн төв байгууллага батална /19.6/.

Намыг татан буулгах

  • Намын удирдах дээд байгууллагын шийдвэрээр намыг өөрчлөн байгуулах, түүний үйл ажиллагааг зогсоох, эсхүл Улсын дээд шүүхийн шийдвэрээр намыг  тараах замаар энэ хуульд заасны дагуу намыг татан буулгана /22.1/.
  • Улсын дээд шүүх энэ хуульд заасан шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл 25.3-т заасан шийдвэрийг гаргаснаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн намыг бүртгэлээс хасаж гэрчилгээ, тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгоно /22.2/.
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар энэ хуульд заасны дагуу намыг татан буулгасан тухай шийдвэр, шаардлагатай бусад мэдээллийг сонгуулийн төв байгууллага болон бусад этгээдэд хүргүүлж, нийтэд мэдээлнэ /22.3/.
  • Татан буугдсан намын хөрөнгийг гишүүдэд хуваарилахыг хориглоно /22.4/.
  • Энэ хуулийн 23.6-д заасныг зөрчиж өөрчлөн байгуулагдсан намын өмч, хөрөнгийг эзэмшил, өмчлөлдөө байлгасан, эсхүл 22.4-т заасныг зөрчин гишүүддээ хуваарилсан тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн төв байгууллага хураан авч, улсын орлого болгоно /22.5/.
  • Энэ хуульд өөрөөр заагаагүй бол татан буулгах комисс томилох зэрэг намыг татан буулгахтай холбогдсон бусад харилцааг Иргэний хуулиар зохицуулна /22.6/.

Намыг өөрчлөн байгуулах

Намууд хуулийн дагуу нийлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдаж болно. Энэ тухай шийдвэрийг намын удирдах дээд байгууллага гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Нийлсэн намуудын эрх, үүрэг, хариуцлага, эд хөрөнгө нь нийлэх замаар өөрчлөн зохион байгуулагдсан намд шилжинэ. Уг нам хуулийн дагуу шинээр бүртгүүлнэ. Нийлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа намууд нь аль нэг намынхаа нэрийг шинээр байгуулсан намын нэр болгон хэрэглэж болно. Тухайлбал:

  • Нийлэх замаар өөрчлөн байгуулагдсан намуудаас хамгийн эхэнд байгуулагдсан намын өдрөөр төлөөлүүлэн уг намын үүсгэн байгуулагдсан өдрийг тодорхойлно /23.4/.
  • Нам үйл ажиллагаагаа зогсоож өөр намтай нэгдсэн бол тэр намын эрх, үүрэг, хариуцлага, намын гишүүдийн харьяалал, эд хөрөнгө нэгтгэн авсан намд шилжинэ /23.5/.
  • Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан тохиолдолд түүний өмч, хөрөнгийг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно /23.6/.
  • Намыг өөрчлөн байгуулахтай холбогдсон бусад харилцааг Иргэний хуулийн холбогдох заалтаар зохицуулна /23.7/.

Намын үйл ажиллагааг зогсоох

  • Намын үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг намын удирдах дээд байгууллага гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ /24.1/.
  • Энэ хуулийн дагуу шийдвэр гарсан бол татан буулгах комисс намын өр төлбөрийг барагдуулж дууссаны дараа үлдсэн хөрөнгийг сонгуулийн төв байгууллагад шилжүүлнэ /24.2/.
  • Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 24.2-т заасны дагуу шилжүүлсэн хөрөнгийг иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд зарцуулна /24.3/.

Намыг тараах

  • Энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан хориглолтыг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бол сонгуулийн төв байгууллага намыг тараах тухай үндэслэл бүхий санал гаргаж, холбогдох нотлох баримт, хуралдааны тэмдэглэлийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ /25.1/.
  • Энэ хуулийн 25.1-д заасан саналыг сонгуулийн төв байгууллага нийт гишүүний дөрөвний гурвын саналаар гаргана /25.2/.
  • Намыг тараах тухай сонгуулийн төв байгууллагын саналыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хянан хэлэлцэх бөгөөд энэ хуулийн 25.1-д заасан үндэслэл тогтоогдвол намыг тараах тухай шийдвэр гаргаж, Улсын дээд шүүхийн Тамгын газар ажлын 10 өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ /25.3/.
  • Энэ зүйлийн 25.3-т заасны дагуу гаргасан Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна /25.4/.

Улс төрийн намын тухай хуулийг 1990 онд анх баталж, 2005 онд шинэчлэн найруулж байжээ. Улс төрийн намууд бодлогын институт болж төлөвшиж чадахгүй гэж олон нийт шүүмжилдэг. Иймээс энэ хуулиар улс төрийн намыг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, татан буулгах, тараах, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл асуудлыг дээрх байдлаар нарийвчлан хуульчилжээ. Шинэ эрх зүйн орчинд хуучин намууд хуучнаараа ажиллах боломжгүй болов гэлтэй. Улс төрийн намууд шинэ эрх зүйн орчинд өөрийгөө зохицуулж ажиллана.

Холбоотой мэдээ